2025 оны зургаадугаар сарын 2-ны шөнө Дулааны III цахилгаан станцын хос зуух, турбин шатаж, Монголын эрчим хүчний салбарын удирдлага, менежмент, төрийн хариуцлагын доройтлыг илтгэн харууллаа.
Насжилт нь 60 шахам жилтэй, ашиглалтын хугацаагаа хэдэн арван жилээр хэтэрсэн энэ станцын асуудлыг төр, холбогдох байгууллагууд олон жил мэдсээр байж үл тоомсорлосон нь өнөөдрийн томоохон ослын үндэс суурь болсон нь илт.
Тухайлбал, 2024 онд тус станц дээр 1845 удаагийн техникийн доголдол бүртгэгдсэн нь өдөр бүр дунджаар тав шахам удаа асуудал гарч байсан гэсэн үг. Гэвч энэ ноцтой тоо баримтыг төр, засгийн удирдлага онцгой анхааралдаа авч, шаардлагатай арга хэмжээг авахгүй өнгөрөөсөн нь ачааллаа дийлэхээ больсон станц гэнэт гал авалзан шатахад хүргэсэн юм.
1968 онд ашиглалтад орсон Дулааны III цахилгаан станц өнөөдөр Улаанбаатар хотын дулааны 31.1 хувь, технологийн уурын 46.9 хувь, төвийн бүсийн эрчим хүчний 14.3 хувийг дангаараа хангаж буй. Гэвч энэ чухал үүргийг үүрч буй станцын дунд даралтын үндсэн тоноглол, барилга байгууламжийн ашиглалтын хугацаа хэдийн дууссан.
Өвлийн оргил ачааллын үед дунд даралтын станц 20 хувийн нөөцтэй байх ёстой. Энэ нь ямар нэгэн осол, доголдлын үед ашиглагдах авралын бүс. Гэвч өнөөдөр ДЦС-3 энэхүү шаардлагатай нөөцийг үлдээлгүй, хүчин чадлаа тултал шахаж ажиллуулж байна. Ингэснээр эрсдэл улам нэмэгдэж, “зогсолт” гэдэг үг улам ойртож буйг мэргэжилтнүүд анхааруулсаар ирсэн.
Уг нь энэ суурин дээр 250 МВт-ын хүчин чадалтай шинэ станц барих төсөл олон жилийн өмнөөс яригдаж байсан. ОХУ-аас хөнгөлөлттэй зээл авч, дунд даралтын станцыг буулгаж, шинэчлэх төлөвлөгөө тооцооллыг 2021 онд танилцуулж байсан билээ. Гэвч энэ тооцооллын дагуу зээл батлагдаж, шинэчлэл хийвэл бүтээн байгуулалт 4.2 жил шаардана гэх тооцоо бий. Тэр хүртэл бид жинхэнэ утгаараа лаа, шүдэнзтэйгээ өвлийг давах болж буй.
Инженерүүдийн тооцоогоор одоо ашиглаж буй 150 МВт-ын өндөр даралтын хэсгийн үндсэн барилгыг өргөтгөхөд дор хаяж 2 жил 7 сар шаардлагатай. Харин энэ хугацаанд нийслэлийн айл өрх, аж ахуйн нэгжүүд цахилгаан, дулаанаа ээлжлэн хязгаарлуулж, лааны гэрэлд өвлийг туулна. Гэр хороололд гал түлж болдог ч орон сууцныханд энэ бол тэвчих аргагүй сорилт. ДЦС-2-оос нэн тэргүүнд эмнэлэг, сургууль, цэцэрлэг рүү дулаан шилжүүлнэ. Иймд бусад нь ямар нөхцөлд орох нь төсөөлөхөд бэрх. Гэтэл жил ирэх тусам бидний хэрэглээ нэмэгдсээр байгаа. Харин түүнийг хангах эх үүсвэр шатаж, зэвэрсээр.
Дулааны III цахилгаан станцын ослын дараа Монгол Улс эрчим хүчний бодит хямралын ирмэгт тулж ирлээ. Гэвч энэ онц ноцтой үйл явдлын хариуцлагыг үүрэх, хүлээх хүн алга. Техник технологийн хуучрал, санхүүгийн алдагдалтайгаа тэмцэн, эрчим хүчний хэрэглээг даах чадваргүй болсон салбар өнөөдөр “улаан гэрэл” анивчуулж байна.
Гэвч асуудал зөвхөн техник талдаа биш, засаглал, бүтэц, бодлого төлөвлөлтийн замбараагүй байдлаас улам бүр гүнзгийрсээр байна. Эрчим хүчний яам бодлогоо тодорхойлох, удирдах гол агентлагийн хувьд үүргээ гүйцэтгэж чадахаа больсон. Стратегийн түвшинд салбар хуваагдсан, бодлого төлөвлөлт нь замбараагүй болж, хариуцлага алдагдсан нь өнөөгийн хямралын үндэс болж байна.
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат
Эрчим хүчний яам засаглалын хямралд орсон. Өөрийн хэрэгжүүлэх ёстой бүх чиг үүргээ шилжүүлсэн. Сүүлдээ Эрчим хүчний сайд нь хариуцлагаас зугтаагаад "Эрчист Монгол" ХХК руу чихэж, хоорондоо асуудлаа шидэлцээд сууж байна. Ажиллах хүчнээ бодсон нэг ч шийдвэр гаргаагүй. Ажиллах хүчнээ бүрдүүлэхдээ намын томилгоогоор хийж байна. Дарга нар намын томилгоогоор томилогддог байсан бол сүүлдээ инженер, техникийн ажилтнуудаа хүртэл намын томилгоогоор хийж байна. Үе үеийн сайд нар ажиллах хүчнээ бодсон шийдвэр гаргаж байгаагүй, ажилчидтайгаа нэг ч удаа уулзаж байгаагүй. Сүүлдээ эрчим хүчний салбарт ажиллах хүн олдохгүй байна.
Монголын эрчим хүчний салбарын өнөөгийн хямрал нь төсөв хүрэлцэхгүй байгаагаас биш, олсон хөрөнгөө үр ашиггүй, төлөвлөлтгүй, хариуцлагагүй зарцуулж, системтэй менежмент бүрдүүлж чадаагүйтэй шууд холбоотой.
Соёл, спорт, аялал жуулчлалын төсөв эрчим хүчний салбараас хоёр дахин их байгааг харвал төрийн төсвийн эрэмбэлэлт бүрэн алдагдсан нь харагдаж буй. Өнөөдөр гадаадын инфлюенсер авчирч шоудах нь өвлийн хүйтнийг тэсэхээс илүү чухал байна.
Угтаа дулааны III цахилгаан станцын олон арван жилийн турш хуучирсан, доголдсон тоног төхөөрөмж, техникийн байдал нь олон мянган удаагийн сануулгыг үл тоон, хариуцлага алдсан засаглалын илэрхийлэл юм. Энэ нь зүгээр нэг техник, тоног төхөөрөмжийн асуудал биш, төрийн хариуцлага, бодлого төлөвлөлт, засаглалын гүн гүнзгий доройтол билээ.