
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордонд болж буй Түүхийн багш нарын анхдугаар зөвлөгөөнд оролцож үг хэллээ. Энэ үеэрээ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийнхөө талаар дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрээр "Энэ хуулийг баталтал нь хуулийн хүрээнд өргөн барьж ажиллана. Ард түмнээрээ хэлэлцүүлнэ. Олон арга бий. Монголын түүхчид энд сууж байгаа УИХ-ын гишүүд яаж гараа өргөж байгааг харсан. Та бүхэн нэгийг бодож, хоёрыг тунгаагаарай.
Ард түмний хүсэмжлэл тоглоом биш гэдгийг Төрийн тэргүүний хувьд хэлж байна. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ бол, бас нийт ард түмнээс сонгогддог Төрийн тэргүүн гэж албан тушаал байдгийг мартаж болохгүй.
Би парламентын засаглалыг ямагт дэмждэг хүн, цаашдаа ч дэмжих болно. Харин салан задгай, хариуцлагагүй, хулгайч дээрэмчдээр Монголын парламент дүүрч төрийг уландаа гишгэж эхлэх юм бол ард түмэн бас зүгээр суухгүй. Үүнийг ардчилсан нийгэм гэж хэлж байгаа юм. Эв нэгдлийг ёс зүйгүй байдал устгадаг. Ёс зүйгүй төр бол төр биш. Төрийн үйл хэрэг тэр тусмаа төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа парламентын гишүүдийн ажил ёс зүй дээр үндэслэх ёстой" гэв.