
XX зууны Европын кино урлагийн өвөрмөц өнгө төрхийг тодорхойлсон Францын найруулагч Жак Тати энэ өдөр төржээ. Тэрээр үг ярианаас илүү орон зай, хөдөлгөөн, дуу чимээгээр хүүрнэх арга барилаараа кино урлагийг шинэ түвшинд хүргэсэн нэгэн.
Татигийн бүтээлүүд нэг л зөрчил рүү хөтөлдөг. Тэр нь хүн ба орчин үеийн соёл иргэншлийн үл ойлголцол юм. Түүний дүрүүд технологийн дунд төөрөлдөж, дэг журамд баригдсан ертөнцөд хөгжилтэй атлаа ганцаардмал дүртэй оршдог. Тэрээр инээдийг зугаа цэнгэл бус, харин танин мэдэхүйн хэрэгсэл болгож, үзэгчдийг ажиглагч болгодог. Доорх таван кино үүний хамгийн тод илэрхийлэл билээ.
JOUR DE FÊTE (1949)
Татигийн хамгийн анхны бүрэн хэмжээний кино. Францын нэгэн жижиг тосгонд баярын өдөр өрнөх энэхүү бүтээлд шуудан хүргэгч Франсуа нь Америкийн хурдтай амьдралыг дуурайх гэж оролдоно. Гэвч түүний оролдлого бүр инээдэм болон хувирна.
Энд Тати хөдөөгийн амьдралын тайван хэмнэл, орчин үеийн хурд хоёрын зөрчлийг харуулдаг. Хурд бол хөгжил мэт боловч хүнийг ичгэвтэр байдалд хүргэдэг гэдгийг тэр сануулна. Тус кино бол Татигийн ертөнцийн эхлэл, энгийнээс гүн утга гаргах урлагийн тунхаг юм.
MON ONCLE (1958)
Ноён Юло орчин үеийн автоматжсан байшинд амьдардаг. Байшин өөрөө бараг амьд мэт, товчлуур бүр нь хүний амьдралыг төвөгтэй болгоно. Тати энэ киногоороо технологи хүнийг аж төрөхүйг хөнгөвчлөх бус харин ч хиймэл, хүйтэн орчинд оруулж байгааг шүүмжилдэг.
Инээдний цаана хүн чанарын дулаан, энгийн амьдралын үнэ цэн тодорно.
PLAYTIME (1967)
Харин уг бүтээл бол Татигийн хамгийн том, хамгийн зоримог кино. Шил, гангаар бүрдсэн орчин үеийн Парист хүмүүс төөрөлдөнө.
Кинонд уламжлалт үйл явдал бараг байхгүй. Харин олон жижиг үйл явдлууд зэрэгцэн өрнөж, үзэгч дэлгэцийн дотроос өөрийнхөө амьдралыг эргэцүүлэх ёстой. Тати энэ бүтээлээрээ орчин үеийн хот хүнийг танихгүй болгож, бүхнийг нэг адил хэвд цутгаж байгааг сануулжээ.

TRAFIC (1971)
“Trafic” бол замын хөдөлгөөн, автомашины соёлын тухай тун ч хоржоонтойгоор өгүүлсэн бүтээл. Татигийн кинонуудын гол дүр болох Ноён Юло шинэ загварын машин үзэсгэлэнд хүргэхээр явах үед зам дээр өрнөх үйл явдал бүхэн саад бэрхшээл болно.
Энд Тати хөдөлгөөнийг эрх чөлөө бус харин саатал, түгжрэл, хүлээлт болгон харуулна. Хүмүүс машинд сууж байгаа ч үнэндээ хаашаа ч хүрэх аргагүй.
PARADE (1974)
Татигийн хамгийн сүүлчийн бүтээл. Циркийн үзүүлбэрийн үеэр үзэгчид, жүжигчид хоорондоо ялгарахгүй, бүгд тоглолтын хэсэг болно.
Энд Тати амьдрал өөрөө яг л циркийн тоглолт шиг агаад бид бүгдээрээ оролцогч гэдгийг илэрхийлэхийг зорьжээ. Киноны өгүүлэмж энгийн мэт боловч утга нь гүн. Урлаг ба амьдралын зааг арилж, хоржоон нь гунигтай бодлуудыг дэлгэцэд өрж эхэлдэг.