
Талбайн теннисний энэ оны сүүлийн “Их дуулга” болох Америкийн нээлттэй тэмцээн Нью-Йорк хотод эхэллээ. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн эхний тойрогт Аргентиний теннисчин Мариано Навоне Сербийн Новак Жоковичийг 7:6, 5:7, 4:6, 6:2, 6:1-ээр хожиж эхний дуулианыг тарилаа. Алдарт теннисчин Жокович энэ тэмцээнд дөрөвт эрэмбэлэгдэн тоглосон ч эхний тойргоос тэмцээнийг дуусгалаа. Жокович Америкийн нээлттэй тэмцээнд хамгийн сүүлд 2023 онд түрүүлж байв. Мөн тэрээр 2006 оноос хойш анх удаа "Их дуулга"-ын хоёрдугаар тойрогт шалгарч чадсангүй.
Алдарт Новак Жоковичийг хожсоны дараа Мариано “Үнэхээр хүнд тоглолт боллоо. Алдарт Жоковичтой анх удаа таарлаа. Надад тоглолтын дундуур сэтгэлээр унах үе байсан. Гэхдээ сүүлийн хоёр сетийг өөрийн болгож чадлаа. Би хүүхэд байхдаа Жоковичийг тоглолтыг үзэж, хичээлээсээ хоцрох үе байлаа. Ээж минь энэ үед их дургүй байлаа. Гэхдээ өнөөдөр түүнийг хожсондоо итгэж өгөхгүй байна. Би хоёр дахь удаагийн Америкийн нээлттэй тэмцээний хоёрдугаар тойрогт шалгарлаа. Гэхдээ энэ жил Жоковичийг хожиж, таван сет гарсан тоглолтыг хийлээ. Тиймээс би энэ мөчийг маш удаан хадгалахыг хүсэж байна” гэсэн байна.
Энэ жилийн тэмцээний хоёрдугаар тойрогт шалгарсан Мариано Навонегийн дараагийн өрсөлдөгч нь Италийн теннисчин Маттео Берреттини юм.
