
“Айчи-Нагоя” Азийн зуны спортын наадмын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй багуудын шөвгийн наймд өрсөлдөх багууд өнөөдөр тодорлоо. U23 насны Монгол Улсын шигшээ баг нэмэлт тоглолтод Сингапурын багийг 20:16-аар хожиж, шөвгийн наймд шалгарлаа. Манай сагсчид өнөө орой Катартай тоглоно.
Индонез, Тайвань, Бахрайны багуудыг хожсон Катарын баг хэсгээ тэргүүлснээр шууд шилдэг наймд үлдсэн юм.
“А” хэсэгт Казахстан, Шри-Ланкыг хожиж, Филиппинд хожигдсон Монгол Улсын шигшээ баг хэсэгтээ хоёрдугаар байраар шалгарсан. Улмаар нэмэлт тоглолтод “D” хэсгийн гуравт эрэмбэлэгдсэн Сингапурын багийг хожсоноор Азийн наадмын шилдэг найман багийн нэг боллоо.
Монгол-Катарын тоглолт өнөөдөр 20:00 цагаас болно.