
Анагаах ухаанд “ээжийн тархи” гэх нэршил сүүлийн жилүүдэд ихээр хэрэглэгдэх болсон.
Энэ бол ухаалаг, дахин тохируулга гэсэн утгатай зөвхөн жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиолддог сонирхолтой “үзэгдэл” ажээ. “Жирэмсний тархи” нь сөрөг биш, харин эх болох биологийн зайлшгүй, эерэг дасан зохицол гэдгийг урт хугацааны, олон тооны судалгаа харуулсан төдийгүй жирэмсэн эмэгтэйн сэтгэлзүйн онцлогийг ойлгох, төрсний дараах сэтгэл гутрал хэмээх үхэлд ч хүргэдэг аюулаас эрт илрүүлэн сэргийлэх арга болгон ашиглах үүдийг ч нээж магадгүй юм.
Жирэмсний явцад эмэгтэй хүний бие дэх дааврын ялгаралт огцом нэмэгддэг. Энэ нь бие махбодод бүхэлд нь, тэр дундаа тархинд гүнзгий өөрчлөлт үүсгэдэг. Жирэмсний үед эхийн тархи бүтцийн хувьд томоохон, урт хугацааны өөрчлөлтөд ордог.
Үүний улмаас түр зуурын марталт бий болох, анхаарал сарних, толгой манарсан мэт мэдрэмж үүсдэг. Зарим хүн үүнийг тархины чадамж алдагдаж, оюуны чадамж буурах явц гэж эндүүрдэг. Биеийн ачааллаа тархи удирдаж чадахгүй “уналтад орсон” явдал гэх нь ч бий.
Жирэмсний өмнө болон дараах тархины дүрс оношилгоогоор тухайн ээжийн тархины саарал бодисын (gray matter) эзлэхүүн багассан нь ажиглагдаж байсан ч судлаачдын анхаарлыг төдийлөн татсангүй. Саарал бодис нь нейроны биет, синапс, гли эсүүдээс бүрдэх бөгөөд тархины гадаргуугийн үндсэн давхарга болох кортекст ихэвчлэн байрладаг. Гэхдээ жирэмсний явцад тархины саарал бодисын өөрчлөлтийг өмнө нь шууд ажиглаж, анхаарч байгаагүй юм. Эдгээр өөрчлөлтийг илүү сайн ойлгохын тулд судлаачид анх удаа хүүхэд тээж буй нэг эхэд жирэмсний турш болон түүнээс хойш нийт 26 удаагийн соронзон резонансын дүрс оношилгоо (MRI) хийжээ. Калифорнийн Их сургуулийн эрдэмтэд уг судалгаагаа хүн төрөлхтний түүхэнд онцгой ач холбогдолтой гэдгийг таамаглаагүй юм.
Судалгааны багийн гишүүн Лаура Пришет
Төрсний дараах сэтгэл гутралыг эмчлэх FDA (АНУын Хүнс, эмийн зөвлөл)-ийн зөвшөөрөлтэй эмчилгээ бий. Гэхдээ төрсний дараах сэтгэл гутралыг эрт илрүүлэх нь одоог хүртэл хэцүү хэвээр байна. Ээжийн тархийг илүү сайн ойлгох тусам төрсний дараах сэтгэл гутралд бодитой тусламж үзүүлэх боломж нэмэгдэнэ.
Жирэмслэлтийн хугацаанд тархины саарал бодисын эзлэхүүн тархины ихэнх кортексийн бүсүүдэд, мөн их хэмжээний тархины сүлжээ (brain network)-нүүдэд багасаж байсан төдийгүй саарал бодисын бууралт тархины 90 гаруй хувьд явагдаж, ингэхдээ танин мэдэхүй, яриа, ой санамжтай холбоотой бүсүүдэд саарал бодисын эзлэхүүн 5 хүртэл хувиар буурч байгаа нь судлаачдын анхаарлыг татжээ. Бусадтай харилцах явцад энэ бууралт хэнд ч анзаарагдахуйц байдаг гэсэн үг. Гаднаа манарсан, стрессээс болж буй мэт сөрөг ойлголт төрүүлж байсан ч энэ бүх хэлбэлзэл буурч, буцаж хэвэндээ орох өөрчлөлт эхийн зан үйл ба сэтгэлзүйн байдалд харин эергээр нөлөөлдөг байна. Тодруулбал, төрсний дараа саарал бодисын сэргээлт өндөр байсан эмэгтэйчүүд хүүхэдтэйгээ илүү хүчтэй сэтгэлзүйн холбоо (bonding) тогтоож байсан нь тархины энэхүү өөрчлөлт эх, хүүхдийн холбооны хоорондын уялдааг эерэгээр бэхжүүлдэг чухал хүчин зүйл болох нь батлагдаж байгаа юм. Ээжүүдийн сэтгэл хөдлөлийг боловсруулах болон өрөвч сэтгэлийг хариуцсан хэсгүүд саарал бодисын өөрчлөлттэй холбоотойгоор илүү идэвхжиж, холбоо нь сайжирдаг. Ээжүүд хүүхдийнхээ хэрэгцээг гүнзгий ойлгож, хариу өгөх чадвар нэмэгдэн үрийнхээ нүүрний хувирал, дуу авиаг таньж, тэдний хэрэгцээг хурдан ялган тодорхойлдог, хүүхдийнхээ инээмсэглэл, дуу хоолойнд илүү мэдрэмтгий болсноор ээжүүд хүүхдээ халамжлах үйлдэл идэвхжих нь энэ саарал бодисын өөрчлөлттэй шууд холбоотой аж.
Тархины саарал биетДунд насны эхчүүд хүүхэдгүй эмэгтэйчүүдээс илүү хурдан хариу үйлдэл үзүүлж, харааны ой санамж нь илүү сайн байгаа нь ч үүнтэй уялдаатай.
Сүүлд ээжийн тархины энэ өөрчлөлт, бууралтыг өсвөр насны үеийн “синапсын шүүлт”-тэй төстэй процесс гэж үзжээ. Өсвөр насанд явагддаг Synaptic pruning - “синапсын шүүлт” гэдэг нь тархи хөгжих явцдаа ашиг багатай, давхардсан, сул холболтуудыг зориудаар устгаж, илүү үр ашигтай сүлжээ болгон дахин зохион байгуулдаг биологийн хэвийн процесс юм. Тэгэхээр ээжийн тархи өөрийгөө ээж болгон шинэчилж хэрэгтэй, хэрэггүйгээ ялган шүүдэг байх нь.
Саарал бодис багасахын зэрэгцээ цагаан бодисын бүтэц өөрчлөгдөхөд тархины бүсүүдийн хоорондын мэдээлэл дамжуулалт өмнөхөөсөө илүү сайжирдаг байна. Эдгээр өөрчлөлт нь хүүхдийн аюулыг хурдан таних, хэрэгцээг нь ойлгох, эхийн сэтгэл хөдлөлийг зохицуулах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгджээ.
Ээжийн тархины талаарх хамгийн сүүлийн, хамгийн их эшлэгддэг, хамгийн олон ээжийг хамарсан, хамгийн гайхалтай үр дүнг танилцуулсан (өмнө дурдсан судалгааны дүнг бататгасан) судалгааг Барселоны их сургуулийн эрдэмтэн багш нар хийв. Ингэхдээ жирэмсэн эмэгтэйчүүдийн тархийг нейродүрслэлийн (MRI) аргаар анх удаа системтэйгээр шинжилжээ.
Судалгаанд нийт 179 эмэгтэйн тархийг
- жирэмслэхээс өмнөх MRI (суурь үзүүлэлт),
- жирэмсний 2,
3-р гурван сар,
- төрсний дараах эхний 6 сарын өөрчлөлтөөр нь судлахад
жирэмслэлтийн үед тархины нийт саарал бодисын 94 хувьд ойролцоогоор 5 хүртэлх
хувийн багасалт илэрч, төрсний дараах үед хэсэгчлэн сэргэдэг бөгөөд энэ нь
ялангуяа нийгмийн танин мэдэхүйтэй (social cognition) холбоотой тархины
бүсүүдэд тод ажиглагджээ.
Саарал бодисын морфологийн өөрчлөлт нь эстриол-3-сульфат, эстрон-сульфат гэсэн хоёр эстроген дааврын хэлбэлзэлтэй шууд холбоотой байж. Жирэмслэлтийн үед эстроген даавар огцом нэмэгдэж, төрсний дараа хэвийн түвшинд буцдаг. Дааврын өсөлт, бууралтын хэмжээ их байх тусам саарал бодисын багасалт, дараах сэргээлт мөн төдий чинээ тод байгаа уялдаа ч ажиглагдаж
Жирэмсэн эмэгтэйчүүд болон шинэхэн эхчүүдийн мартах, үг санахад хүндрэлтэй байх зэрэг асуудлууд нь голдуу дааврын хэлбэлзэл, нойргүйдэл, стресс, түгшүүр зэрэгтэй холбоотой. Энэ богино хугацааны өөрчлөлтүүд нь хэсэгхэн зуурын сөрөг өөрчлөлтийн илрэл ч гавлын цаана харин хүүхэд мэндэлсний дараа анхаарал хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхан байдал руу чиглэгдэх шинэчлэлт явагдаж, бусад зүйлд зарцуулах нөөцийг багасгах ажиллагаа болж байдаг.
Тэгэхээр жирэмслэлт бол эмэгтэй хүний тархийг “өөрчлөгдөөд буцааж хэвэндээ ордог” түр зуурын үйл явц биш, харин эх болох “үүрэг”-т урт хугацаанд тохируулан дахин зохион байгуулдаг биологийн шилжилтийн шинэ үе ажээ