
Хүнс, ахуйн хэрэгслээ дэлгүүрээс худалдаж авмагцаа хөргөгчөө дүүргэж, ариун цэврийн өрөөгөө тохижуулдаг бичлэг нэг хэсэг трэнд болсон. Мөн шинээр худалдаж авсан өндөр зэрэглэлийн брэндийн үнэтэй гутал, хувцсаа танилцуулах, шүүгээ дүүрэн арьс арчилгааны бүтээгдэхүүнийхээ талаар сэтгэгдэл хэлэх контент ч хэсэгтээ өндрөө авав. Гэтэл идэж барахгүй их хүнс, эдэлж барамгүй нөр бараа, өндөр үнэтэй, чамин бүтээгдэхүүн бүрийн цаана эдийн засгийн төдийгүй экологийн олон асуудал “нуугдаж” байдаг.
Дэлхий даяар нийт хоол хүнсний гуравны нэг нь буюу жилд 1.3 тэрбум орчим тонн хүнс хаягддаг гэсэн судалгааг НҮБ ын Байгаль орчны хөтөлбөрөөс гаргажээ. Энэ нь хоёр тэрбум орчим хүнийг хоол хүнсээр хангах хэмжээний нөөц аж. Хаягдал болсон 1.3 тэрбум тонн хоол хүнсийг эдийн засгийн үүднээс авч үзвэл жилдээ 940 тэрбум ам.долларын хохирол учирч байгаа төдийгүй нийт метан хийн ялгарлын 10 орчим хувь нь хүнсний хог хаягдлаас үүсдэг аж. Хамгийн гол нь, хүнсний хаягдлын дийлэнх хувийг айл өрхийн хог эзэлдэг.
Тоо сөхвөл, нийт хүнсний хаягдлын 61 хувийг айл өрх үүсгэдэг бол хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, хүнсний худалдаа үйлчилгээ үлдсэн хувийг бүрдүүлдэг байна. Хөргөгчөө дүүрэн харагдуулахын тулд аль эсвэл ямар нэг бичлэг, контент хийхийн төлөө идэж барахааргүй их хүнс цуглуулаад, эцэст нь хаяж буй дэлхийн чиг хандлага дээр өгүүлсэн тоо ийн үлэмж өсөхөд тодорхой хувь нэмэр оруулсан нь лавтай. Хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийн агуулга ч үүнтэй ойролцоо. Үйлдвэрлэх явцдаа ч байгаль, орчныг асар их хордуулж, амьтдыг хүртэл туршилтад оруулдаг бөгөөд хэрэглээнээсээ хэтийдүүлсэн худалдан авалт хийгээд, ашиглахгүй хаях нь экологийг сүйтгэж буй гол үйлдэл юм.
Эдгээрийн улмаас сүүлийн жилүүдэд хэт хэрэглээг сурталчилсан үзэл, үзэгдлийн эсрэг шинэ хэв маяг нийгэм, нийтийн дунд тархаад байна. “Underconsumption Core” буюу бага хэрэглээний соёл гэх уг ойлголт нь 2024 оноос яригдаж эхэлсэн бөгөөд энэ жилийн байдлаар сая, сая залуусын амьдралын хэв маяг, гол философи болоод байна. Улмаар нийгмийн хөдөлгөөнд тооцогдох хэмжээнд хүрчээ. Ойлголт нь тун энгийн. Ерөөсөө л өөрт байгаа хувцас, хэрэгсэл, бараа, бүтээгдэхүүнээ хуучирч, элэгдэж, дуусаад дахин ашиглагдах боломжгүй болтол нь элээх соёл юм. 2010 оны үед цөөн, чанартай бүтээгдэхүүн хэрэглэх тухай дэлхий дахинд яригдаж, Минимализм (Minimalism) гэх нэр томъёо бий болсон. Бага хэрэглээний буюу “Underconsumption Core” соёлыг хүмүүс тус үзэгдэлтэй андуурах нь бий ч үзэл санааны хувьд олон зүйлээрээ ялгарна.
Минимализмийн хувьд, өөрт хэрэггүй зүйлээс татгалзаж, цаг хугацаа, мөнгө, анхаарлаа илүү утга учиртай зүйлд зориулах тухай ойлголт юм. Ингэхдээ гоо зүйн тодорхой хэв маягтай, цэвэрхэн, цэгцтэй, үнэ цэнтэй, төвийг сахисан өнгө аястай байх нь тус ойлголтын амин чанар. Энэ хэрээр санхүүгийн хувьд ачаалал үүсгэнэ. Тиймээс минимализмийг баян хүмүүсийн амьдралд илүү тохирдог гэх шүүмжлэл ч байдаг. Харин бага хэрэглээний соёлын тухайд дээрх ойлголт эсрэгээрээ. Бодит, эмх замбараагүй, амьд, хуучинсаг зэрэг үгсээр тодорхойлох боломжтой юм. Цэвэрхэн, хээнцэр зүйл худалдаж авах шаардлагагүй, цэгцтэй, төв харагдах ч хэрэггүй. Харин өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг олж харан, хуучирсан, элэгдсэн хувцас хэрэгслээрээ гоё тухай агуулга юм.
Хүмүүсийн шинэ зүйл худалдаж авах хүслийг өдөөн, өөрсдөө хөлжиж, байгаль орчинд сүүдэр тусгасаар ирсэн цахим нөлөөлөгчид халаагаа өгөх цаг болжээ. Сүүлийн жилүүдэд эсрэгээр нь de-influencing буюу энэ бүтээгдэхүүнийг битгий аваарай гэж сануулдаг нөлөөлөгчид эрчээ авч эхэлсэн байна. Тэд TikTok, Instagram зэрэг платформ дээр тренд болсон бүтээгдэхүүнүүдийг шүүмжилдэг бөгөөд үнэтэй бараа авах шаардлагагүйг тайлбарлаж, маркетингийн хэтрүүлгийг илчлэх байдлаар ажилладаг. Энэ төрлийн нөлөөлөгчид бага хэрэглээний хэв маягт тодорхой хувь нэмэр үзүүлж буй. De-influencing болон Underconsumption Core нь хоёулаа сошиал медиагаар өдөөгдсөн хэт хэрэглээний эсрэг үзэгдлүүд юм. Эхнийх нь хэрэглэгчдийг хэрэггүй худалдан авалтаас татгалзахыг уриалдаг бол хоёр дахь нь аль хэдийнэ өөрт байгаа эд зүйлсээ бүрэн ашиглах, хуучин хэрэглээний соёлыг төлөвшүүлэхийг зорьдог. Өөрөөр хэлбэл, De-influencing нь худалдан авах хүслийг бууруулдаг бол Underconsumption Core нь бага хэрэглээг амьдралын хэв маяг болгохыг оролддог онцлогтой.
Алдартай брэндийн шинэ загварын цүнх худалдаж авахын оронд 10, 20 жилийн өмнө авсан аль эсвэл аав, ээжийнхээ хэрэглэж байсан цүнхийг барих нь илүү ухаалаг, загварлаг, байгальд ээлтэй харагддаг болжээ.
Гандсан мэт өнгөтэй цамц, элэгдэж, урагдсан өмд, гутал, үрчийсэн малгай зэрэг шинэ, чамин бус хуучин, “ноорхой” гэж тодотгож болохуйц хувцаснууд дэлгүүрийн лангуугаар эзлэх болов. Хуучин харагдах шинэ бүтээгдэхүүн Алдартай брэндийн шинэ загварын цүнх худалдаж авахын оронд 10, 20 жилийн өмнө авсан аль эсвэл аав, ээжийнхээ хэрэглэж байсан цүнхийг барих нь илүү ухаалаг, загварлаг, байгальд ээлтэй харагддаг болжээ. Хүмүүс хуучирсан ч элэгдээгүй гутал, олон жил өмссөн цув, урагдсаныг нь нөхсөн жинсэн өмдөө бахархалтайгаар өмсөж, зураг, бичлэгээ “Underconsumption Core” гэх хашилттайгаар нийгмийн сүлжээнд нийтэлдэг болсон байна.
Үүний улмаас сүүлийн жилүүдэд хуучин хувцасны (Thrift/ Vintage) зах зээл эрчээ аваад буй. Залуу үеийнхний талаас илүү хувь нь шинэ хувцас авахаасаа өмнө хуучин хувцасны аппликейшн эсвэл дэлгүүрийг шалгадаг болсон аж. “Depop, Vinted, Poshmark” зэрэг платформуудын хэрэглэгч сая, саяар нэмэгдэж, хүмүүс өмсөхгүй хувцаснуудаа маш амархан зардаг эсвэл сольдог зах зээл бий болжээ. Түүнчлэн ямар нэг арга хэмжээ, үдэшлэгт явахын тулд шинэ даашинз худалдаж авахын оронд түрээслэх хандлага ч нэмэгдэж байгаа аж. Хүмүүсийн хандлага ийн хувьсахтай зэрэг хувцас үйлдвэрлэлийн брэндүүд хуучин харагддаг шинэ хувцас үйлдвэрлээд эхэлсэн нь бас нэг сонирхолтой өөрчлөлт. Гандсан мэт өнгөтэй цамц, элэгдэж, урагдсан өмд, гутал, үрчийсэн малгай зэрэг шинэ, чамин бус хуучин, “ноорхой” гэж тодотгож болохуйц хувцаснууд дэлгүүрийн лангуугаар эзлэх болов. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг Balenciaga, Diesel тэргүүтэй брэндүүд түүчээлсэн бөгөөд Zara, H&M зэрэг компаниуд ч зах зээлд нэвтрүүлж эхэлжээ.
Нэгэн цагт ихийг хэрэглэж, илүүг хүртэх нь хүний үнэ цэнэ, нэр хүндийг өсгөдөг байсан нь худал биш. Харин нийгэм, цаг үе өөрчлөгдөхийн хэрээр эдээр биеэ хучиж, идэхийн ихийг хүртэх нь аз жаргал, амьдралын чанарыг нэмэгдүүлэхгүй, нийгмийн статусыг ч өсгөхгүй гэдгийг олонх ойлгожээ