
Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрээр "Монгол Улсад мэргэжлийн байх гэдэг зүйл үгүй болж. Ковидын үеийн ардчилал, хүний эрхийн хумигдал, өөрсдийн дассан хандлагаасаа өнгөрсөн хугацаанд салж чадаагүй байна.
Хүн биш эд зүйл, өөрийгөө шүтсэн төр хамгийн аюултай гэж үг бий. Иргэнээ амьд байх ёстой гэж харахгүй, баавгай амьд байх ёстой гэж харсаар байгаад иргэнээ идүүлчихлээ. Гэтэл цагдаагийн байгууллага нь "Холбогдогчийг эрэн хайж байна" гэх. Амиа алдсан иргэнээ хүн гэж харахгүй байна. Энэ улс орны чинь эзэн субьект нь хэн юм бэ ? Төр юмуу, иргэн үү.
Төр өөрийнхөө үйл ажиллагааг хөнгөвчлөхийн тулд зарын самбараар ажиллаж байна. Торгох гэж байгаа бол зарын самбараар биш, иргэнтэйгээ холбоо тогтоож, нотолж, харьцах ёстой. Гэтэл өнгөрсөн зургаан жил төр зарын самбараар иргэнээ шийтгэлээ. Иргэн нь торгуулж, шийтгүүлсэнээ ер мэдэхгүй байхад төр нь тэнд бичсэн уншаагүй юмуу, хохь нь гэдэг үгтэй. Энэ бол хууль зүйн огт байж болохгүй зарчим. Дээр нь айдсаар засагладаг болчихсон. Цүнх баригч нь торгуультай иргэнд бензин өгөхгүй байя гэдэг санаачилга гаргахад сайд нь толгой дохиж байна. Компани, иргэн хоёрын харилцаанд төр орж ирээд тонгочиж болно гээд толгойд нь суучихсан" гэв.