Дэлхийн Банк 2025 оны 10 дугаар сарын Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тоймоо танилцууллаа. Энэ онд бүс нутгийн эдийн засаг 2024 оны 5.0 хувиас бага зэрэг буурч 4.8 хувиар өсөх төсөөлөлтэй байна. Вьетнам улс 6.6 хувийн өсөлтөөр бүс нутгаа тэргүүлж, Монгол (5.9 хувь), Филиппин (5.3 хувь) улсууд удаалж байна. Хятад, Камбож, Индонезийн эдийн засаг тус бүр 4.8 хувиар, Номхон далайн арлын орнууд 2.7 хувиар, харин Тайланд 2.0 хувиар өсөх төлөвтэй.

Сүүлийн үед хөдөлмөрийн бүтээмж багатай, ихэвчлэн албан бус, ахиж дэвших боломж хязгаарлагдмал үйлчилгээний салбарт ажлын байр нэмэгдэх хандлага ажиглагджээ. Мөн залуус ажил олоход хүндрэлтэй болж, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо бага байсаар байна. Хэдийгээр 2025-2026 оны хооронд 25 сая хүн ядуурлаас гарах төлөвтэй ч бүс нутгийн ихэнх орнуудад ядууралд өртөмтгий хүн амын эзлэх хувь дундаж давхаргынхны хүн амд эзлэх хувиас өндөр байна.

Эдийн засгийн үйл ажиллагааны өндөр давтамжтай үзүүлэлтүүдээс харахад өсөлт удааширч байна. Жижиглэнгийн худалдааны борлуулалт нэмэгдэж байгаа ч хэрэглэгчдийн итгэл хараахан КОВИД-оос өмнөх түвшинд хүрч сэргээгүй байна. Аж үйлдвэрийн үйлдвэрлэл эрчтэй явагдаж байгаа ч бизнес эрхлэгчдийн итгэл сул. Худалдааны тарифын өсөлтөөс өмнө экспорт идэвхэжсэн боловч шинэ экспортын захиалга мөн сул байна.

Бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2026 онд 4.3 хувь болж буурах төлөвтэй. Өсөлтийн үр дүн нь худалдааны хязгаарлалт, харьцангуй намжаад байгаа ч өндөр хэвээр буй дэлхий даяарх тодорхойгүй байдал, дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал, мөн дотоод бодлогын сонголт, тэр дундаа зарим улс орнууд бүтцийн шинэчлэлээс илүүтэй төсвийн дэмжлэгийн бодлогыг сонгох  зэрэг хүчин зүйлсээс хамаарахаар байна.

Энэхүү тайланд хүмүүн ​​капитал болон цахим дэд бүтцийн шинэчлэл, хөрөнгө оруулалт, үйлчилгээний салбар дахь өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, ажлын байр болон хөдөлмөр эрхлэгчдийн ур чадвар хоорондын нийцлийг хангах бодлого хэрэгжүүлэхийн чухлыг онцолжээ. Хиймэл оюун ухаан, робот техник, цахим платформын хурдацтай дэвшилтэй хөл нийлүүлэхийн тулд компаниуд, ажилтнууд, бодлого боловсруулагчид шинэ ур чадвар, дасан зохицох, хөрвөх чадвар эзэмших шаардлагатай тулгарч байна.