
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой. УИХ төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага. Засгийн газар хуулийг хэрэгжүүлдэг, сахин биелүүлэх ажлыг хийдэг. Тиймээс аль аль нь ажлаа хийх ёстой. Ерөнхий сайд Үндсэн хуульд заагдсан өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилох, чөлөөлөх асуудлыг оруулж ирсэн.
Үндсэн хуульд Засгийн газрын гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулж, Ерөнхий сайд өөрөө томилно гэсэн заалттай. Үүний дагуу Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох шийдвэрээ танилцуулах асуудлыг УИХ-д өргөн барьсан ч харамсалтай нь өнөөдөр хэлэлцсэнгүй. Засгийн газрын ажил тасралтгүй явах ёстой. УИХ Хууль зүй, дотоод хэргийн сайдыг яаралтай танилцуулж, томилох асуудлыг дэмжиж ажиллаасай гэж хүсч байна. Нэг цаг, нэг минут алдахгүй Хууль зүй, дотоод хэргийн сайдын ажиллах боломжийг нь бүрдүүлж өгөх шаардлагатай байна. Хууль зүй, дотод хэргийн сайдыг томилох асуудлаар Ерөнхий сайд процессийн хувьд ямар нэгэн алдаа гаргаагүй. Хуульд заасны дагуу Ерөнхийлөгчид танилцуулсан. Үүний дараа Ерөнхийлөгч албан ёсоор танилцлаа гэх бичиг ирүүлсэн.
УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөж байгаа асуудалд харамсаж байгаа. Нам дотор олон ургальч үзэл байдаг. Гишүүдээ, дарга удирдлагаа шүүмжиллээ гээд намаас хөөгөөд байж болохгүй. Цаашид үнэнийг хэлэх хүнгүй болно. Мэдэгдэл хийсэн гишүүдтэй адилхан байр суурьтай байна" гэв.