
МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс эхэлсэн тус намын дотоод хагарал тогооноосоо хальж төр, түмний зовлон болоод багагүй хугацаа өнгөрлөө. Уг нь энэ цаг үе Засгийн газар нь өвлийн бэлтгэлээ хангаж, УИХ нь ирэх оны төсвийн төслөө хэлэлцэж суудаг чухал цаг хугацаа. Гэтэл УИХ-д төсөв өргөн баригдаад 45 хоносон ч хоёр дахь хэлэлцүүлгийг нь дуусгаагүй байна.
МАН-ын талцал хуваагдал шийдлээ олохгүй 20 хонолоо. Энэ хугацаанд хуваагдал улам лавширч УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн тал гэсэн хоёр хэсэгт албан бусаар хуваагдаад байсан бол өчигдрөөс эхлэн 36, 32-оороо албан ёсоор хуваагдлаа. Мөн намын хагарал төрийн хагарал болж улсын ажил урагшалахад улам бэрх болов. Намын бүлэг гэдэг бол УИХ-ын бүтцийн байгууллага. Гэтэл МАН-ын хагарал лавширсаар бүлгээ хоёр хувааж хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг бүр илүү саатуулах нөхцөл үүсгэлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүний 38 нь өчигдөр бүлгээ хуралдуулахыг бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнээс шаардсан. Шаардлыг нь биелүүлээгүйн улмаас олонхийн бүлэг доторх олонх болсон тэд өөрсдийгөө ийм бүрэн эрхтэй гэж үзэн бүлгээ хуралдуулж Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаас огцруулж байгаагаа мэдэгдлээ. Тус хуралд МАН-ын бүлгийн 36 гишүүн оролцсон байна. Энэхүү 36 гишүүний дотор МАН-ын бүлгийн дөрвөн дэд дарга (Э.Болормаа, А.Ариунзаяа, Д.Алдаржавхлан, У.Отгонбаяр)-ын нэг У.Отгонбаяр байсан учир тэрээр хурлыг удирджээ. Мөн бүлгийн даргыг шинээр сонготол түүнийг бүлгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулахаар санал нэгджээ. Ийнхүү МАН-ын даргын сонгууль дүрмийн, дүрмийн бус гэж эхэлсэн хэрүүл бүлгийн хурал хуулийн дагуу, хууль бус гэсэн маргаанаар үргэлжлэхээр болж байна.
Өөрсдийгөө хуулийн дагуу хуралдсан бүлэг гэж үзэж байгаа МАН-ын 36 гишүүний зохион байгуулсан хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцсон. Энэ хурлаар төсвийн урсгал зардлаас танаж багш нарын цалинг 15-20, эмч нарын цалинг 10-15, ахмад настны тэтгэврийг найман хувиар нэмэх нь зүйтэй гэж үзжээ. Хурлын дараа Ерөнхий сайд Г.Занданшатар цахим хуудсаараа дамжуулан "Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд иргэд, олон нийт та бүхэнд зарчмын байр суурь, шийдвэрийнхээ талаар танилцуулъя. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны удирдлагууд болон багш, эмч нарын эрхийн төлөө идэвхийлэн ажилладаг гишүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15-20 хувь, эмчийн цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг найман хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрснийг та бүхэндээ дуулгая. Үүнийг шийдвэрлэхийн тулд улсын төсөвт хэмнэлт хийхээс гадна байгалийн баялгийн менежментийг сайжруулж, нүүрс борлуулалтын далд мөнгийг ил болгон, хулгай, луйвартай тэмцэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд өнөөдөр болсон Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанд оролцож, энэхүү зарчмын шийдвэрээ танилцуулсан бөгөөд бүлгийн гишүүд дэмжсэн болно. Засгийн газрын зүгээс энэхүү ажлын хүрээнд төсвийн хууль тогтоомжид заасан хязгаарлалтуудыг өөрчлөх саналаа Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ард иргэд, олон нийтийн хүсэлт, шаардлагад хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Тэмцэл үргэлжилж байна" гэж мэдэгдлээ. Ерөнхий сайдын мэдэгдэл "Тэмцэл үргэлжилж байна" гэж төгссөн нь өөрийн эрхгүй анхаарал татаж байна. Тэдний тэмцэл үнэхээр үргэлжилсээр л байна. Намаа хагалсан тэд одоо төрөө хагалчихлаа. Удахгүй улсаа хагалах вий. Тэдний хагарал улсын төсөв батлах цагтай давхацсан нь иргэдэд бодитой хохирол учруулах вий гэсэн эмзэглэл төрүүлж байна.