
С.Бямбацогт өнгөрсөн долоо хоногт намынхандаа “2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй”, АН-ынханд “Намын гишүүнчлэлээсээ түдгэлзэнэ” гэсэн амлалт өгч УИХ-ын даргаар сонгогдсон. Намын гишүүнчлэлээсээ түдгэлзэх амлалт нь зөвхөн УИХ-ын даргын өөрийнх нь амлалт биш, МАН-аас АН-д өгсөн амлалт юм. АН-ын бүлэг өөрсдийнх нь өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах амлалт өгч, хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн тохиолдолд УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонгохыг дэмжих болзлыг МАН-д тавьсан. МАН энэхүү болзлыг нь хүлээн авч УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нь Төрийн байгуулалтын байгын хороогоор хэлэлцүүлэн дэмжсэн юм. Энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Уг хуулийн төсөлд “УИХ-ын дарга намын гишүүнчлэлээсээ түдгэлзэнэ” гэсэн заалт бий. Энэхүү хууль батлагдсан тохиолдолд УИХ-ын дарга С.Бямбацогт МАН-ын гишүүнчлэлээсээ түдгэлзэж бүлгийнхээ хуралд оролцохоо болино гэсэн үг. Гэвч МАН болон УИХ-ын дарга С.Бямбацогт АН-д өгсөн амлалтаасаа буцаж, мурихаар шийдсэн бололтой. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа уг хуулийн төслийг хэлэлцээд яаран дэмжихгүй байхаар шийджээ. Энэ талаар тус бүлгийн дарга Ж.Батжаргал дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрээр “Энэ хуулийн төслөөр бид эцсийн байдлаар байр сууриа нэгтгээгүй байна. Ойрын хугацаанд байр суриа нэгтгэнэ. Нэмж тодруулах зүйл бий. УИХ-ын дарга намын гишүүнчлэлээс түдгэлзэх асуудлыг нарийн судлахгүй бол болохгүй. Парламентын засаглалтай олон орноос цөөхөн улс энэ заалтыг хэрэгжүүлж байгаа. Хэрэгжүүлсэн тохиолдолд УИХ-ын даргын цаашдынх нь улс төрийн замналд ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг нь орхигдсон харагдаж байгаа.
Ард түмний мандатыг авч УИХ-д сонгогдсон хүн парламентын дарга болно. Тэр хүний мандат нам дээр нь хадгалагдах уу, үгүй юү. УИХ-д намуудын авсан суудал тэнцүү, ганцаар илүү тохиолдолд энэ заалт хэрхэн үйлчлэх үү гэдэг нь асуудал. Энэ мэтээр бодмоор, судалмаар, дахиж нарийн тооцмоор, Монголын хөрсөнд нийцэх эсэхийг судлах шаардлага байна гээд өнөөдөр нэгдсэн байр сууринд хүрээгүй” гэв. Үүнээс үзвэл нэгэнт спикерээ сонгож, Засгийн газраа байгуулсан МАН АН-д өгсөн амлалтаасаа буцаж УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг яаран батлахгүй, баталлаа ч УИХ-ын дарга намын гишүүнчлэлээсээ түдгэлзэх заалтыг дэмжихгүй бололтой. Товчхондоо, АН-ынхан МАН-д муриулж мэдэхээр байна.