
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар гаргасан нийтийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр Н.Алтанхуяг гишүүн "Иргэдээс санал авна гэж шуугиулаад л орхидог байдал үүслээ. Би энэ талаар гурван тохиолдол хэлэх гэсэн юм.
Нэгдүгээрт, Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа НӨАТ-ын хоёр хувийг тав болгоно гэж иргэдээс санал аваад жонхууруулаад хаясан.
Хоёрдугаарт, Х.Нямбаатар авто машины татварыг гурав дахин нэмснийг багасгана гэж иргэдээс санал аваад жонхууруулж байгаад Засгийн газар руу цаас шидээд орхисон.
Гуравдугаарт, үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварыг тэглэх иргэдийн саналыг хэлэлцээд Засгийн газар руу бас нэг чиглэл маягийн цаас явуулаад орхих нь. Засгийн газар хэзээ ч буцааж оруулж ирж хэлэлцүүлэх юм бүү мэд. Үүнийг тодорхой болгож Засгийн газарт хугацаатай үүрэг өгөх хэрэгтэй" гэв.