
Колумбын дуучин Шакира 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны дууг дууллаа. Өдгөө 49 настай дуучин Шакира Бразилын Маракана цэнгэлдэх хүрээлэнгээс шинэ уран бүтээлийнхээ талаар ярьсан нэг минутын бичлэгийг инстаграмдаа нийтэлжээ.
АНУ, Мексик, Канадад болох энэ жилийн ДАШТ-ий сүлд дуу “Dai Dai” тавдугаар сарын 14-нд дэлхий даяар цацагдана. Тус уран бүтээлийг Шакира Нигери улсын дуучин Бурна Бойтой хамтран дуулжээ.
Шакира ийнхүү хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны дууг хоёр дахиа дуулж байна. Тэрбээр 2010 онд Өмнөд Африкт болсон ДАШТ-ий сүлд дуу болох “Waka Waka”-г дуулсан билээ.
2014 онд Бразилын Рио де Жанейрод болсон тэмцээний хаалтын ёслолд зориулсан “La La La” дууг мөн Шакира дуулж байв. Мөн 2006 онд Германд болсон тэмцээний хаалтын ёслолоор “Hips Don’t Lie”-ийг дуулжээ.