
Сүүлийн жилүүдэд Улаанбаатарын зам дээр хамгийн хурдан олширсон тээврийн хэрэгсэл бол скүүтер, мопед буюу бичил тээврийн хэрэгслүүд. Тэд түгжрэлийг тойрч гардаг ч осол, маргаан, бухимдлыг ч мөн дагуулдаг. Энэ асуудлыг зохицуулахаар УИХ-аас 2026 оны зургаадугаар сарын 12-ны өдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цахилгаан скүүтер, суррон, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслийн хэрэглээг анх удаа тусгайлан хуульчлаад буй. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тэдгээрийг жолоодох насны хязгаар, бүртгэл, сургалт, хариуцлагын тогтолцоог нарийвчлан зааж өгчээ.
Уг хуулийн зохицуулалт ирэх долоодугаар сарын 1-нээс албан ёсоор орон даяар хүчин төгөлдөр мөрдөгдөх юм. Гэвч хууль хэрэгжиж эхлэхэд хэдхэн хоногийн хугацаа үлдээд байхад зам дээрх нөхцөл байдал огт өөрчлөгдсөнгүй. Тухайлбал, явган хүний замаар скүүтерүүд хурдлан давхисаар, насанд хүрээгүй хүүхдүүд мопед хөлөглөн замын хөдөлгөөнд дураараа оролцсоор л байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод “Тапатрипп Эжэнси”, “Эко технологи”, “Хурд Хүч”, “Жет Шаринг”, “Юү Гөү Инвестмент”, “Безен Номт” зэрэг зургаан аж ахуйн нэгжийн 36 мянга орчим скүүтер, мопед хөдөлгөөнд тогтмол оролцож байна.
Ийнхүү бичил тээврийн хэрэгслийн тоо сүүлийн жилүүдэд шил шилээ даган өсөхийн хэрээр осол, гэмтэл ч нэмэгджээ. Замын цагдаагийн газрын мэдээллээр сүүлийн нэг жилийн хугацаанд скүүтер, мопед, сурронтой холбоотой ослоор гэмтэж бэртэх, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол 35 хувиар өссөн бөгөөд хохирогчдын 80 хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд байгаа аж.
Мөн 2025 онд мопед, скүүтер болон тэдгээртэй адилтгах тээврийн хэрэгсэлтэй холбоотой 94 хэрэг, зөрчил бүртгэгдсэн бол 2026 оны дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сар хүртэлх хугацаанд л 124 гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Үүнээс гадна Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээллээр бичил тээврийн хэрэгсэлтэй холбоотой осол, гэмтэл 2025 онд өмнөх оноос зургаа дахин өссөн байна. Харин 2026 оны эхний таван сарын байдлаар 814 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1.7 дахин нэмэгдсэн үзүүлэлт болжээ.
Иймээс хуулиар скүүтер, мопедыг 18 нас хүрсэн хүн унадаг дугуйн зам эсвэл автозамын зорчих хэсгийн баруун эгнээгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцох, улсын бүртгэлд бүртгүүлэх, үйлчилгээ эрхлэгч даатгалд хамрагдах, хууль зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар торгох зэрэг заалт ороод буй.
Гэвч тэдгээрийг бүртгэх, улсын дугаар олгох, жолоочийн сургалт зохион байгуулах, хяналтын тогтолцоонд хамруулах зэрэг шинэ хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай журам, бэлтгэл ажил одоо хүртэл хангагдаагүй байна.
Хууль хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Зам тээврийн яам, Боловсролын яамнаас журам батлах, замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах, хууль сурталчлах зэрэг бэлтгэл ажлууд хийгдэх ёстой. Харин энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт Тээврийн цагдаагийн албанаас бэлтгэл ажил хангагдах хүртэл бүх шатны Засаг даргын захирамжаар скүүтер, мопедын хэрэглээг түр зогсоох санал гаргажээ.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын зам тээвэр, хяналт, төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Очирбат “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээний хяналт, зохицуулалтын бүлэг нэмэгдсэн.
Хуульд орсон өөрчлөлтөд скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчийн болон зорчигчийн үүргийг нарийвчлан зааж, 2026 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжихээр болсон учраас төрийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн хамтран яаралтай бэлтгэл ажлыг хангах шаардлагатай болоод байна. Хуулиар скүүтер, мопедыг 18 нас хүрсэн хүн унадаг дугуйн зам эсвэл автозамын зорчих хэсгийн баруун эгнээгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцох, улсын бүртгэлд бүртгүүлэх, үйлчилгээ эрхлэгч даатгалд хамрагдах, хууль зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар торгох зэрэг заалт орсон. Иймээс ТЦА-наас бэлтгэл ажил хангагдах хүртэл бүх шатны Засаг даргын захирамжаар скүүтер, мопедын хэрэглээг түр зогсоох саналтай байна” гэсэн юм.
Харин энэхүү саналыг НИТХ-ын дарга Д.Ихбаяр дэмжиж буйгаа илэрхийлжээ. Түүний хэлснээр, хуулийн хэрэгжилтийг хангахын тулд мопед, скүүтерийг дугааржуулах, жолооч нарыг сургалтад хамруулах, даатгалд бүртгэх, автозамын баруун хөвөөг чөлөөлж тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх зэрэг олон ажил богино хугацаанд хийгдэх шаардлагатай байгааг хэлсэн юм. Хэрэв бэлтгэл ажил хангагдаж амжихгүй бол түрээсийн бичил тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд түр оролцуулахгүй гэж мэдэгдээд буй.
НИТХ-ын дарга Д.Ихбаяр
Долоодугаар сарын 1-нээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлнэ. Энэхүү хуулийг мөрдөж, биелүүлэх үүднээс нийслэл болон хувийн хэвшилд бэлтгэл ажлаа хамтран хангахад 14 хоногийн хугацаа үлдсэн байна. Тухайлбал, мопед бүрийг дугаартай болгох, унаж байгаа хүнийг сургалтад хамруулах, даатгалжуулах, явган хүний замаар мопед скүүтерийг зорчуулахгүйн тулд автозамын баруун хөвөөг чөлөөлж тэмдэглэгээг сэргээх зэрэг төр болон хувийн хэвшилд хийх ажил аль алинд нь их байна. Тиймээс энэ бэлтгэл ажил долоодугаар сарын 1-н гэхэд хангагдаж амжихгүй бол тэр өдрөөс эхлэн түрээсийн мопед, скүүтерийн үйлчилгээг түр зогсоохоос өөр аргагүй байдалд хүрээд байна.
Ийнхүү хуульд нэмэлт, өөрчлөлт орж батлагдсан ч бэлтгэл ажил дутуу гэсээр энэ зуныг иргэд скүүтер, мопедтой хамт замбараагүй байдал дунд угтах нь ойлгомжтой болов. Угаас манайд скүүтерийг зорчуулах тусгай зам, дугуйн зам нь хүрэлцээгүй. Дээрээс нь бүртгэлжүүлэх, хяналт тавих журам нь тодорхойгүй байгаа болохоор эдгээр хэрэгслийг зохицуулах нь туйлын ярвигтай.
Эцэст нь манайд хууль батлагдах нь шинэ зүйл биш. Харин батлагдсан хуулийг хөрсөн дээр нь буулгаж, хэрэгжүүлдэг байх нь л хамгийн чухал билээ.