
МАН үнэмлэхүй олонхоор эрх барьсан сүүлийн арван жилд Үндсэн хуульд 2019, 2023 онд хоёр удаа өөрчлөлт оруулсан.
Энэ удаа 2019 оны өөрчлөлтийг онцлон авч үзье. Үүгээр Үндсэн хуулийн 70 зүйлээс 19-д нь буюу 30 орчим хувийг “хөдөлгөсөн”. Үүгээр бүтцийн хувьд томоохон шинэчлэл хийж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг өөрчлөн, тогтвортой байдлыг нь хангахын тулд Засгийн газарт, тэр дундаа Ерөнхий сайдад нэлээд эрх мэдэл өгсөн байдаг. Мөн УИХ-ын хяналт, улс төрийн нам, хот, тосгоны эрх зүйн байдалтай холбоотой олон том өөрчлөлт хийжээ. Эдгээрийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд дагалдах хуулиудыг үүнд нийцүүлэн “засах” учиртай. Тиймээс 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг парламент баталсан юм. 30 гаруй хуулийг тодорхой хуваарийн дагуу өөрчлөхөөр үүнд тусгаж, холбогдох төслүүдийг 2020 онд багтаан УИХ-д өргөн барих хуваарь бүхий 02 тоот тогтоолыг мөн баталжээ. Харин парламент энэ хуваарийнхаа дагуу ажилласан уу.
Дээрх жагсаалтад парламентын ардчилал, ард түмний засаглах эрх, эдийн засаг, хөгжлийн бодлого, гүйцэтгэх засаглал, шүүхийн хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлага, байгалийн баялаг зэргээр ангилан тусгасан байна. Улмаар 2020-2021 онд парламент, Засгийн газар, шүүх засаглалын хяналт, тэнцлийг хангахтай холбоотой өөрчлөлтийг бол бүрэн хийсэн аж. УИХ-ын, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн, Засгийн газрын, Шүүхийн тухай хуулийг өөрчлөн баталжээ. Харин Улс төрийн намын тухай хуулийг нэлээд хойшлуулж, 2023 оны долоодугаар сард гараас гаргав. Цаг хугацааны хувьд хойрго хандан алгуурласан хуулиудын өөр нэг жишээ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн болон Ерөнхийлөгчийн тухай хууль юм.
Үндсэн хуулийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн өөрчлөлтийг 2019 онд оруулсан. Гэтэл дагалдах дээрх хоёр хуулийг үүнд нийцүүлэх гэж УИХ-аас долоо хүртэл жил “хүлээжээ”. Бас Цэцийн шахалтаар л нэг юм ажлаа гүйцэтгэсэн гэхэд болно. Өөрчлөлтийг хийгээд хоёр жил болох гэж байхад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг үүнд нийцүүлээгүй, Төрийн тэргүүнээр зөвхөн нэг л удаа сонгогдон ажиллах заалтыг цэгцлээгүй байсан тул нэгэн иргэн Цэцэд хандаж, улмаар 2021 оны дөрөвдүгээр сарын 16-нд 02 тоот дүгнэлт гаргасан. Улмаар дээрх маргааныг нэг тийш болгож, тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнө нь уг албан тушаалд ажиллаж байсан хүмүүс дахин өрсөлдөх боломжгүйг баталгаажуулсан байна. УИХ ч дүгнэлтийг хүлээн авч, хуулиа засав. Мөн энэ оны тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6.1-ийг Цэцээр дахин шүүлээ. Хуулийн 6.1-д Ерөнхийлөгчийн бүрэн эрх дөрвөн жил байх заалтыг өөрчлөлгүй үлдээсэн байсан гэсэн үг. Цэц Үндсэн хууль зөрчсөн гэж дээрх заалтыг үзэж, дөрвөн жил гэдгийг нь зургаа болгон засахыг зөвлөсний дагуу УИХ өнгөрсөн зургаадугаар сарын 19-нд алдаагаа залруулсан юм.
Түүнчлэн Үндсэн хуулийн 57.2-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ” хэмээн заасан юм. Өөрөөр хэлбэл, Дархан-Уул, Орхон аймгийг буцааж хотын статустай болгоно гэв. Эл ажил төлөвлөснөөсөө даруй дөрвөн жилээр хойшилж байж УИХ-ын 2024 оны зургаадугаар сарын 5-ны Хот байгуулах тухай тогтоолоор сая нэг албажсан. Гэхдээ эл шийдвэр 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Үндсэн хуулийн 6.2 дахь заалтын дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2021 онд багтаан батлах ёстой байсан ч 2023 онд л албажуулав. Гэхдээ өгөөжийг нь иргэд бодитоор хүртэж амжаагүй явна.
УИХ-ын 02 тоот тогтоолд 31 хуулийг Үндсэн хуульд нийцүүлэхээр тусгаж байсан аж. Эл жагсаалтаар нь шүүвэл хэд хэдэн хууль “сох дутна”. Гэхдээ УИХ бяцхан заль хэрэглэжээ. Тэд зарим хуулийг ижил төстэйд нь шингээсэн байгаа юм. Тухайлбал, Улс төрийн намын санхүүжилтийн тухай бие даасан хууль батална гэдгийг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад багтаасан тул огт хийгээгүй ажил гэж үзэхэд өрөөсгөл. Ард нийтийн санал асуулгын тухай хэмээх бэлгэдлийн чанартай хуульд 2022 онд өөрчлөлт оруулсан ч 2019 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалыг бүрэн тусгаагүй гэж үзэх хүмүүс бий. Энэ мэтээр зарим хуулийг бүрэн, заримыг нь хагас дутуу байдлаар нийцүүлжээ. Хэрэгжилтийг дундажлан авч үзвэл 90 орчим хувь болох нь.
Харин жагсаалтад байсан дагалдах хуулиудаас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг огт хийгээгүй байна. Засгийн газраас эл төслийг боловсруулж, санал авч буй аж. Үндсэн хуульд байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийн зохицуулалтыг эрс шинэчилсэн. Үүнтэй холбогдуулан төрийн өмчийн удирдлагыг шинэ шатанд гаргах Төрийн өмчийн ерөнхий хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж, УИХ-аар олон удаа хэлэлцсэн ч баталж завдаагүй явна.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхийн тулд дагалдах хуулиудыг шинэчлэх асуудлыг дээрх хөндлөө. Тэгвэл батлах үедээ л хэрэгжүүлэх хугацааг есөн жилийн дараа тавьсан ганцхан заалт Үндсэн хуульд бий. Энэ бол 19¹ дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг дэх “Намыг сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” хэмээсэн зохицуулалт юм. 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих эл заалтыг тойрсон шүүмжлэл, маргаан одоо ч үргэлжилж буй.
2028 он гармагц УИХ-ын сонгууль эхэлнэ. Гэтэл шинээр нам байгуулах боломж үүнтэй зэрэгцээд “хаагдах” нь. Учир нь нам байгуулах шаардлагыг өндөрсгөж, нийт сонгогчийн нэг хувьтай дүйцүүлсэн. Манай улсад сонгуулийн насны хоёр сая гаруй иргэн бий. Тэгэхээр дунджаар 21-25 мянган иргэн нэгдэж байж сая шинэ нам байгуулна гэсэн үг. Тухайн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт багтсан гуравдагч хүчний намууд, улс төр судлаачид, иргэний нийгмийнхэн эл заалтыг эсэргүүцээд бараагүй, үнэмлэхүй олонх болсон эрх баригч МАНынхан зүтгүүлсээр баталжээ. Үүнийг эвлэлдэн нэгдэх эрхийг боомилсон, зөвхөн хоёр намын ноёрхлыг хадгалах гэсэн бусармаг оролдлого хэмээн шүүмжилж буй. Энд нэг зүйл анхаарал татдаг. Хэдийгээр тухайн үед МАН эрх баригч байсан ч уг өөрчлөлтийн санаачилгыг АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга тавьсан аж.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг 2019 онд Д.Лүндээжанцан тэргүүтэй УИХ-ын хэсэг гишүүн мөн Ерөнхийлөгч Х.Баттулга тус тусдаа санаачлан өргөн барьсан байдаг. Төрийн тэргүүн асны төсөлд нам байгуулахын тулд 50000+1 хүний санал авах заалтыг анх оруулж ирсэн юм билээ. Ямар судалгаа, үндэслэлээр энэ тоог сонгосноо ч тэрээр тодорхой тайлбарлаагүй юм. Ижил агуулгатай төслийг парламент нэгтгэн хэлэлцдэг журамтай. Үүний дагуу УИХ-аас байгуулсан ажлын хэсгийнхэн дээрх хатуу заалтыг “зөөлрүүлж”, 50 мянгаас 20 гаруй мянга руу бууруулсан байна. Ажлын хэсэгт багтсан судлаачид, намынхан эсэргүүцэж байж хэрэгжүүлэх хугацааг нь 2028 он болгон хойшлуулсан аж. Энэ талаар улс төр судлаач Э.Гэрэлт-Од “Үнэндээ Европын хамтын ажиллагааны байгууллага, Венецийн комиссоос албан бичиг ирүүлж, шаардсаны ачаар л дээрх заалтын хэрэгжүүлэх хугацааг хойшлуулсан” хэмээн ярьсан.
Гэхдээ Үндсэн хуулийн дээрх заалтад гишүүн, дэмжигч гэх мэт үг байхгүй. Одоо бол 801 хүний гарын үсэг, регистрийн дугаараас эхлээд иргэний бүх бүртгэлийг баталгаажуулж, хянадаг. Харин 20 гаруй мянган хүн нэгдэж чадсаныг юугаар, хэрхэн баталгаажуулах нарийн зохицуулалт нь үгүй. Тэгэхээр энэ хэсэгт мөн л Үндсэн хуулийн өөрчлөлт хагас дутуу хэрэгжиж байна. Бас дэлхийн аль ч улсад эвлэлдэн нэгдэхэд ийм өндөр босго тогтоосон жишээ үгүй учраас 19¹.2 дахь заалтыг хүчингүй болго гэж эдүгээ шаардаж буй. Европын орнуудад ихэнх нь элдэв босго тогтоогоогүй, эсвэл бэлгэдлийн шинжтэйгээр 15-200 хүн байхаар тусгадаг юм билээ. Финландад 5000 хүний босго тавьсан нь хамгийн өндөрт тооцогдож байна. Бидний жишээ авах дуртай ХБНГУ-д ч ийм босго, шаардлага үгүй.
Анхнаасаа эрх ашгаа бодож оруулсан эл заалтыг УИХ одоо өөрчилж чадах уу. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд нийт гишүүний дөрөвний гурав нь дэмжих ёстой.
УИХ-ын гишүүдийн тоо 126 болж өссөн учраас 95-аас дээш хүн нэгдэх хэрэгтэй болно. Гэтэл МАН парламентад 68 гишүүнтэй, олонх хэвээр байна. Гуравдагч хүчнийг төлөөлсөн ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл гэж УИХ-д бий ч тэдний олонх нь эрх баригчидтайгаа “хэтэвч”, албан тушаалаар холбогдсон тул ирээдүйд хэсэг иргэн нам байгуулж чадах, эсэхийг тоохгүй л болов уу. Сөрөг хүчин ч “том нам” байх боломжоосоо татгалзах нь маргаантай. Хэрэв тэд эсэргүүцлээ ч хүч дутна. 2028 оноос өмнө дээрх заалтыг өөрчлүүлж чадах, эсэхийг харах л үлдэж байна.
Энэ мэтээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагалдах хуулиудад тусгаж, нийцүүлэх ажил яст мэлхийн хурдтай явна. УИХ, эрх баригч намынхан дотоод тэмцэл, албан тушаал булаацалдах “дайн”- даа автаад эл ажлыг анхаарч амжихгүй байгаа аж. Уг нь энэ бол шуурхай, бас хариуцлагатай хийх ёстой тэдний үндсэн ажил. Гэвч УИХ-д тийм чадвар, хурд, бас хүсэл алга. Биелэлтийг 100 хувь болгоход ахиад хэдэн жил хэрэгтэй юм бол.
С.Туул