
Португалын шигшээ баг 2026 оны ДАШТ-ий шөвгийн 16-гийн шатанд Испанийн багт 1:0-ээр хожигдон тэмцээнээс хасагдсаны дараа тус улсын хөлбөмбөгийн холбоо шинэ дасгалжуулагчаа албан ёсоор зарлалаа. Баг нь амжилтгүй оролцсоны дараа испани мэргэжилтэн Роберто Мартинес үүрэгт ажлаасаа хүлээлгэн өгсөн. Түүнийг орлож 71 настай португал дасгалжуулагч Жорже Жезуш шигшээ багийг удирдахаар болжээ.
Жезуштэй 4 жилийн гэрээ байгуулсан бөгөөд Португал, Испани, Марокко улсууд хамтран зохион байгуулах 2030 оны ДАШТ хүртэл шигшээ багийг удирдах юм.
ДАШТ-ий үеэр Португалын шигшээ багийн довтолгоо болон өдгөө 41 настай Криштиану Роналдуг гараанд гаргаж, тоглолтын тактикийг зөвхөн түүн дээр төвлөрүүлж байсан Роберто Мартинезын шийдвэр хөгжөөн дэмжигчид болон хэвлэл мэдээллийнхний зүгээс багагүй шүүмжлэл дагуулаад байсан юм. Роналду энэ удаагийн ДАШТ түүний замналын сүүлчийнх байсныг баталсан ч шигшээ багаасаа бүрмөсөн зодог тайлах эсэхээ хараахан албан ёсоор мэдэгдээгүй байна.
Саудын Арабын "Аль-Наср" клубт Роналдутай хамтран ажиллаж байсан дасгалжуулагч Жезуш хэвлэлийн бага хурлын үеэр түүнийг "Португалын спортын бэлгэ тэмдэг" хэмээн нэрлэж, шигшээ баг дахь ирээдүйн талаар өөртэй нь биечлэн ярилцах болно гэдгээ мэдэгджээ.
Жорже Жезушийн удирдлага дор Португалын шигшээ багийн хийх анхны тоглолт ирэх 9 дүгээр сарын 24-нд Үндэстнүүдийн лигийн хүрээнд Уэльсийн эсрэг болох юм.