
Монголбанк мөнгөний бодлогын шийдвэрээ танилцууллаа.
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Монгол банкны мөнгөний бодлогын хороо ээлжит хуралдаанаа хийлээ. Бид Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарт үүсэж байгаа нөхцөл байдлыг олон талаас нь нухацтай ярилцлаа. Улмаар бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Ойрх дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тос, эрчим хүчний үнэ өссөн. Энэ нь глобал орчинд инфляц нэмэгдүүлж байна. Мөн бусад барааны үнэ өсөх эрсдэл бий болоод байна. Сүүлийн өдрүүдэд газрын тосны үнэ буурч байгаа ч хурцадмал байдал хэдийгээр намжих нь одоогоор тодорхойгүй байна.
Энэ оны нэгдүгээр улиралд 7.1 хувьд хүрээд байсан инфляц сүүлийн хоёр сард 4.1 нэгж хувиар нэмэгдлээ. Хүнс, шатахууны үнийн өсөлт ихэнх хувийг эзэлж байна. Түүнчлэн уул уурхайн болон дийлэнх салбарын идэвхжил сул байна. Зургууд, долоодугаар саруудад инфляц 12 хувийн орчимд хүрч эрчимжих бол наймдугаар сард мах, ногооны нийлүүлэлт нэмэгдэж, буурна гэх хүлээлттэй байна.
Эдийн засгийн өсөлт 2026 оны эхний улиралд 7.9 хувьтай гарсан. Энэ удаа 5 орчим хувьд өсөх төсөөлөлтэй байна. Эдийн засгийн өсөлтөд уул уурхай, тээврийн салбар гол хувь нэмрийг орууллаа. Худалдаа болон боловсруулах салбарын өсөлт өмнөх онынхоос сул байна. Ирэх онуудад эдийн засгийн өсөлт алгуур нэмэгдэх хүлээлттэй байгаа.
Төлбөрийн тэнцэл энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 186 сая ам.долларын ашигтай гарлаа. Ашигтай гарахад, зэс, алтны үнэ өндөр түвшинд хадгалагдаж, уул уурхайн экспорт нэмэгдсэн нь голлон нөлөөллөө.
Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт сүүлийн жил гаруйн хугацаанд эрчимжиж, тавдугаар сард 26.8 хувьд хүрлээ. Зээлийн өсөлт сүүлийн улиралд алгуур саарсан нь хэрэглээний зээлийн олголт буурсантай холбоотой. Харин ипотек болон бизнесийн зээлийн өсөлт харьцангуй өндөр түвшинд хадгалагдлаа.
Зуншлагын нөхцөл байдал, малын халдварт өвчин, геополитикийн нөхцөл байдал зэргийн улмаас инфляцын дарамт нэмэгдэх эрсдэл байна. Тиймээс Монгол банкны мөнгөний бодлогын хорооны бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа" гэв.