
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуудагдаж буй Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр тулааны төрлөөр үргэлжлэн явагдана. 43 орны баг тамирчид оролцож буй тэмцээнд Дэлхийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч Чунвон Чоу манай улсад хүрэлцэн иржээ. Тэрээр МҮОХ-ны удирдлагуудтай уулзсанаас гадна тэмцээний зохион байгуулалттай биечлэн танилцаж байна.
Энэ удаагийн тэмцээн нь олимпын наадмын чансааны оноо олгоx, "Айчи Нагояа"-2026 Азийн 20 дахь удаагийн наадмын эрх олгож байгаагаараа онцлог болж байгаа. Иймээс Азийн орнуудаас ирэх наадмуудад өрсөлдөх шилдэг тамирчид өрсөлдөж байгаагаас гадна Дэлхийн таеквондогийн холбооноос тэмцээнийг онцгойлон ажиглаж байгаа аж.
“М Банк Арена”-д болж буй тэмцээн тулааны төрлөөр үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэй -54кг, +87кг, эмэгтэй -46кг, эмэгтэй +73кг жингийн тулаанууд болж медальтнууд тодорно.
