
Нью-Йорк хотноо ирэх оны долоодугаар сарын 19-нд явагдах “ДАШТ -2026”-ийн шөвгийн тоглолтын тасалбарын үнэ хөгжөөн дэмжигчдийн дургүйцлийг төрүүлж байна. Уг тоглолтын тасалбарын үнэ 2022 онд Катарт болсон шөвгийн тоглолтынхоос долоо дахин үнэтэй байгаа талаар ВВС мэдээлэв. Английн хөгжөөн дэмжигчдийн холбоо энэ үнийг хөгжөөн дэмжигчдэд үзүүлсэн ФИФА-гийн “алганы амт” гэж нэрлэв.
ФИФА шөвгийн тоглолтод үнийн гурван зэрэглэл тогтоосон ба хамгийн хямд тасалбарын үнэ 4185 ам.доллар, стандарт тасалбарын 5560 ам.доллар, премиум тасалбарын үнэ 8860 ам.доллар гэнэ. Хүүхэд болон бусад ангиллын үзэгчдийн хувьд тасалбарын үнийн хөнгөлөлт байхгүй аж.
Катарын ДАШТ-ний гол тоглолтын тасалбарын үнэ нь 590 ам.доллараас эхэлж байсан билээ.
ДАШТ-ний бусад тоглолтуудын үнэ нь мөн л өндөр байна. ФИФА “тасалбарын үнэ тогтоох” гол шалгуур нь оролцогч багуудын нэр алдраас хамаарна гэж мэдэгджээ. Тухайлбал, Английн багийн тоглолт нь шотландынхаас үнэтэй байгаа аж.
Шөвшийн тоглолт хүртэлх найман тоглолтын үнэ нэг хөгжөөн дэмжигчийн хувьд хамгийн хямд тасалбараар тооцоолоход 6850 ам.доллар, дундаж үнийн сегментээр 11.2 мянга ам.доллар орчим, шилдэг байрлалуудын суудал 16 мянган ам.доллар болж байна. Энэ дүнд замын зардал, байр сууц, хоолны зардал багтаагүй гэхэд маш өндөрт тооцоогдохоор байгаа юм. Дэлхийн хөгжөөн дэмжигчдийн нэгдлээс тасалбарын үнийн асуудлыг эргэн хартал тасалбар зарахаа зогсоохыг ФИФА-д уриалсан ч хариу өгөөгүй байна.