
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Хууль, тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх бус нийт гишүүдийн олонхи буюу хамгийн багадаа 64 гишүүний саналаар баталдаг. Гэвч энэхүү хуулийн төслийг батлахыг 61 гишүүн дэмжлээ. Ингэснээр хуулийн төсөл батлагдсангүй, хууль санаачлагчид нь буцаав.
Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн өргөн мэдүүлсэн. Төслийн агуулга нь Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар Энэтхэг улсын Засгийн газраас авсан, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихаар БНХАУ-аас авсан хөнгөлөлттэй зээл, Сэлбэ дэд төвийг бүтээн босгохоор бонд босгож авсан зээлүүдийг өрийн хязгаараас гаргаж бүрэн зарцуулах байв. Энэ хуулийг төсөл батлагдсан бол дээрх гурван төслийг хэрэгжүүлэхэд зарцуулах зээлийн хэмжээ өрийн хязгаарт хамаарахгүй болох байлаа. Ийм хууль баталж авсан зээлээ хязгааргүйгээр бүрэн зарцуулахгүй бол эдгээр төслүүдийн бүтээн байгуулалт удаашрахаар болоод байгааг хууль санаачлагчид учирласан юм. УИХ-ын дарга С.Бямбацогт ч санал хураалтын өмнө "Энэ чухал санал хураалт шүү, гишүүдээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтаа эрчимжүүлж эрчим хүчний тусгаар тогтнолоо олж авах, дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болж шатахууныхаа үнийг бууруулах ач холбогдолтой төсөл шүү" гэсэн юм. Гэвч УИХ хуулийн төслийг батлахаас татгалзлаа.
Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед Сэлбэ дэд төвийн төслийг хуулийн төслөөс хасах ёстой гэсэн маргаан үүссэн юм. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч хэлэлцсэн. Хуулийн төслийг батлахгүй унагаж байгаагаас харвал нэгдсэн ойлголцолд хүрээгүй бололтой.