
“Lego” компани спортын сэдэвтэй тоглоомын цуглуулгаа өргөжүүлж, Лионель Месси, Криштиану Роналду, Килиан Мбаппе, Винисиус Жуниор зэрэг дэлхийн хөл бөмбөгийн оддын дүр бүхий шинэ цуглуулга гаргажээ.
Энэхүү шинэ цуглуулгыг АНУ, Канад, Мексик зэрэгт болох 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-д зориулан гаргасан бөгөөд жижиг дүрсүүд болон хананд өлгөх зориулалттай том хэмжээний 3D загваруудаас бүрдэж байгаа аж.
Нийт долоон төрлийн багц гаргаснаас хөлбөмбөгчдийн нэрний үсгэн дүрслэл бүхий үндсэн дөрвөн багц нь 29 ам.доллар, харин Роналду, Месси нарын үзүүлэнгийн загварууд нь тус бүр 79 ам.долларын үнэтэй байна.
Цуглуулгад Мессиг тусгайлан онцолжээ. Дэлхийн аваргын цомын эзэн болсон тэрбээр 1 427 хэсгээс бүрдэх, өөрийнх нь нэрийн хуудас болсон ялалтын баяраа тэмдэглэж буй дүр төрхийг дүрсэлсэн хананд өлгөх зориулалттай ба 179 ам.долларын үнэтэй 3D зурагтай болж байна. Харин хөлбөмбөгчин бүрийн жижиг дүрсүүд илүү боломжийн үнэтэй багцуудад багтсан гэв.
100 шахам жилийн түүхтэй “Lego” компани нь өнгөрсөн онд “Формула-1” уралдааны Майамигийн гранприд зориулан гаргасан амжилттай төслийнхөө дараа 2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-д зориулан ийнхүү шинэ цуглуулгаа танилцуулав. Өнгөрсөн жил тус компани уг гранприд зориулан арван ширхэг хөдөлгөөнт загвар гаргасан юм.
ДАШТ-ий үеэр тус компани тусгай асрууд байгуулж, хүүхэд, томчууд хамтдаа загвар угсрах интерактив арга хэмжээнүүдийг зохион байгуулах аж.