Монгол Улсад анх удаа сагсан бөмбөгийн 3х3-ын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос “Дэлхийн их дуулга” болон “FIBA 3x3 World Cup 2025” тэмцээнийг Улаанбаатарт анх удаа зохион байгуулж дэлхийн сагсчдын цугларалт Улаанбаатарт болсон юм.
“FIBA 3x3 World Cup 2025” тэмцээн буюу Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 20 орны баг оролцож, шилдгүүдээ тодрууллаа.
Эрэгтэйчүүдийн төрөлд Испани түрүүлж, Швейцар мөнгө, Сербийн баг хүрэл медалийн эзэд болов. Монголын эрэгтэй баг энэ удаа хэсэгтээ хожил авч чадалгүй тэмцээнээ дуусгасан.
Эмэгтэйчүүдийн төрөлд Нидерландын баг дэлхийн аварга болсон бол Монгол Улсын шигшээ баг мөнгөн медаль хүртэж түүхэн амжилт гаргалаа. Канадын эмэгтэйчүүд хүрэл медалийн эзэд боллоо. Монголын эмэгтэй баг олимпын төрлөөр багийн төрлөөр анх удаа эрх авч өрсөлдөж байсан бол энэ удаа эх орондоо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж түүхэн амжилтын анхдагч боллоо.
МОНГОЛЫН БАГИЙН ЗУРГААН ХОЖИЛ
Монголын багийн дасгалжуулагчаар Канад Улсын мэргэжилтэн Стив Сер ажилласан. Түүний удирдлага дор шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн гарч энэ удаагийн ДАШТ-д бэлтгэсэн билээ. Шигшээ багийн бүрэлдэхүүнд О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл болон М.Цэрэнлхам нар сонгогдсон. Багийн ахлагчаар М.Цэрэнлхам ажилласан.
Монголын 3х3 эмэгтэй шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “D” хэсэгт Испани, Герман, Бразил, Украиний багуудтай багтсан. Энэ хэсгээс Испани дөрвөн хожилтойгоор шууд шөвгийн наймд шалгарсан бол Монгол, Германы багууд цааш хасагдах шатанд тоглох эрхийг авсан юм.
Монголын баг энэ удаагийн ДАШТ-д хэсэгтээ дөрвөн тоглолтоос гурван хожил, нэг хожигдолтойгоор хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан. Улмаар хасагдах шатанд БНХАУ-ыг ялж шилдэг найман багийн нэгээр тодорсон нь манай охидын түүхэн хожлуудын нэг боллоо. Энэ тэмцээнд дэлхийн аварга Хятадын багийг медалийн төлөө өрсөлдөх багийн нэгээр зүй ёсоор бичиж байсан билээ. Гэвч энэ удаа Монголын охид илүүрхэж чадсан юм. Улмаар хагас шигшээ болон медалийн төлөө өрсөлдөх шийдвэрлэх тоглолтод энэ тэмцээнд түрүүлэх магадлалтай байсан АНУ-ын багийг хожиж түүхэн ялалт авлаа. Энэ нь багийн төрлөөр монголчууд анх удаа АНУ-ын багийг хожсон тохиолдол болсон. Мөн Польшийн багийг хожиж мөнгөн медалийн болзол хангасан юм. Энэ удаагийн ДАШТ-д хүчирхэг бүрэлдэхүүнтэй Нидерландын баг дэлхийн аварга болсон.
МОНГОЛЫН БАГИЙН ЯЛАЛТУУД:
Бразил – Монгол 14-16
Монгол – Испани 10-22
Герман – Монгол 14-18 /Нэмэлт цагт/
Монгол – Украин 18 – 16 /Нэмэлт цагт/
Хасагдах шатны эрх: Монгол – БНХАУ – 21-19 /Нэмэлт цагт/
Шөвгийн найм: Монгол – АНУ 18-15
Хагас шигшээ: Монгол – Польш 18-17 /Нэмэлт цагт/
Финал: Нидерланд – Монгол 15-9
Эрэгтэйчүүдийн дэлхийн шигшээд Испани, Швейцар, Сербийн тоглогч багтсан бол эмэгтэй багт Нидерланд, Канадаас гадна Монголын тоглогч О.Хулан нарыг нэрлэлээ. Тэгвэл "Үнэ цэнтэй тоглогч"-ийн шагналыг алтан медаль хүртсэн Нидерланд, Испанийн шигшээ багийн тоглогчдод олгов. Харин манай багийн Б.Ариунцэцэг ДАШТ-ий турш 44 оноо авч, бүх тоглогчийг тэргүүлэв. Тэрбээр нэг онооны довтолгоогоор 21, холын шидэлтээр 18, чөлөөт шидэлтээр таван оноо авчээ.