
Цугаараа зутарч байна аа. Гадаа -30 хэмж давж тачигнах өвлийн оргил хүйтэн өдрүүдэд хот нийтээрээ цахилгааны хязгаарлалтад орсноос гадна халаалт ч хангалттай биш байна. Харанхуй, хүйтэн хотод удахгүй зун ирнэ, улсын наадам болно гэх бүгээн итгэлээр амь зогоох болов. Халаалт, цахилгаан тасалдах болсонтой холбоотойгоор цэцэрлэгийн хүүхдүүд албандаа явах аргагүй болж, аав, ээжүүд нь ажиллахад бэрх нөхцөл үүсэв. Ахлах ангийн сурагчид энэ долоо хоногоос цахимаар хичээллэж эхэлсэн ч цахилгааны тасалдлын улмаас цахим үндэстний хүүхдүүд зайнаас хичээллэх аргагүй болов. Хамгийн хачирхалтай нь, дулааны IV цахилгаан станцын зуухны халах гадаргууд гэмтэл гарч, айл өрхийн цахилгааныг хязгаарлах болсны гол буруутан нь хэрэглэгчид буюу иргэд болж таарав. Тодруулбал, салбар ахалсан сайд нь ачаалал төлөвлөж, тооцоолсноос хэтэрсэн. Үүний улмаас ийм нөхцөл байдал үүссэн гэх тайлбарыг өглөө.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
Өвлийн оргил ачааллын үеэр төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн ачаалал 1800 МВт хүрнэ гэсэн тооцоололтой байсан. Гэтэл энэ сарын 19-нд 1803 МВт-д хүрсэн. Өчигдөр өглөө 06:11 цагт Дөрөвдүгээр цахилгаан станцын наймдугаар зууханд гэмтэл гарч зогсоохоос өөр аргагүй байдалд хүрсэн. Бүх зуух нөөц тоноглолгүй ажиллаж байгаа учраас гэмтэл гарсан тохиолдолд тэр хэмжээгээр цахилгаан хязгаарлахаас өөр аргагүй болдог. Энэ долоо хоногийн ид хүйтнийг өнгөртөл хязгаарлалт үргэлжлэхийг үгүйсгэхгүй.
Монголчууд 1983 онд IV цахилгаан станцаа ашиглалтад оруулснаас хойш сүүлийн 40 гаруй жил эрчим хүчний шинэ үүсвэр бий болгоогүй. Энэ хугацааны сүүлийн хагасыг шинэ эх үүсвэртэй болох асуудлыг ярьж, хэлэлцсээр өнгөрөөв. Үүний улмаас нийт хүн амын тал хувь нь оршин сууж, барилга, орон сууцны бүтээн байгуулалт хурдацтай өрнөж буй нийслэлд эрчим хүчний хэрэглээ туйлдаа хүрч, хөгжил, дэвшлийн гол чагт болж ирсэн. Манай улсад эрчим хүчний хэрэглээний өсөлт жил бүр 6-8 хувиар нэмэгддэг. Зарим жил 11 хүртэлх хувиар өссөн үзүүлэлт ч бий. Гэвч өнгөрсөн хугацаанд энэ салбарт дорвитой ажил хэрэгжүүлээгүйн улмаас эрчим хүчний чадлын дутагдал нь манай улсын хөгжлийг хязгаарлагч, чөдөр тушаа болоод удсан. Одоо бүр амьдралын чанар, ажлын бүтээмжинд ч нөлөөлөх хэмжээнд хүрчээ.
Хамгийн халагламаар нь, Монгол Улсын дулаан цахилгааны станцууд ямар ч нөөц тоноглолгүй үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр ТЭЦ-III, ТЭЦ-IV дээр турбогенератор, зууханд ямар нэгэн гэмтэл гарвал улсаараа түнэр харанхуйд осгож мэднэ. Энэ эрсдлийг одоо бид нүдээр үзэж, биеэр мэдэрч байна.
Эрчим хүчний салбарын нөхцөл байдал энэ хэмжээнд хүрсэн нь олон хүчин зүйлээс хамааралтай. Тэдгээрийн тэргүүнд үнэ, тарифын асуудал сөхөгддөг. Монголын хамгийн хямд бүтээгдэхүүн эрчим хүч гэхэд хилсдэхгүй. Үүрэн телефоны нэг сарын дундаж төлбөр 60-70 мянган төгрөг бол бүтэн өрхийн эрчим хүчний сарын төлбөр дунджаар 20-25 мянган төгрөг. Ийн гар утасны төлбөрөөс гурав дахин бага үнээр эрчим хүч худалдан авч байна. Ийнхүү эрх баригчид улс төрийн зорилгоор эрчим хүчний үнийг барьж ирсний гороор дорвитой шугам сүлжээний шинэчлэлт ч хийж дөнгөхгүй өнөө хүрсэн.
2024 оны арваннэгдүгээр сарын 15-наас эрчим хүчний тарифыг өртөгт нь хүргэхийг зорьж, зохист шийдвэр гаргасан. Улмаар айл өрхийн хэрэглээний тарифыг гурван шатлалттай нэмэгдүүлсэн. 150 кВ/цаг хүртэлх хэрэглээний тарифыг 30 хувь, 150 300 кВ/цаг хүртэлх хэрэглээний тарифыг 60 орчим хувь, 300-аас дээш хэрэглээний төлбөрийг 80 гаруй хувь нэмсэн. Ийнхүү 2024-2025 оны өвлийн улиралд цахилгааны өртөг 280 төгрөгт хүрсэн байна. Харин айл өрхийн дундаж тариф 213 төгрөгт болсон. Тариф нэмэгдсэнтэй холбоотойгоор нэг жилийн хугацаанд 540 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон гэх урьдчилсан тооцооллыг холбогдох албаныхан гаргажээ. Гэвч энэ дүнг нүүрсний үнийн өсөлт, ажилчдын цалингийн өөрчлөлт, ОХУ-аас нийлүүлж буй импортын цахилгааны үнийн нэмэгдэл зэрэгт зарцуулсан байна. Мөн алслагдсан орон нутагт өгдөг байсан татаасыг улсын төсвөөс гаргахаа больсон тул үүнд мөн тарифын нэмэлт орлого зарцуулагдаж байга аж.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өчигдөр олон нийтэд хандаж мэдээлэл хийхдээ “2024 оноос хойш эрчим хүчний үйлдвэрлэлийг 560 МВт-аар нэмэгдүүлсэн. 2027 он гэхэд дахиад 660 МВт-аар нэмэгдүүлнэ. Ахиц гарсангүй гэж шүүмжилж болно. Гэхдээ гүтгэж болохгүй. Үйлдвэрлэл нэмэгдэж байгаа ч эрэлтээ гүйцэхгүй байна” гэж мэдээлсэн. Энэ ч үнэний ортой.
Сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд эрчим хүчний томоохон шинэ эх үүсвэр, тэр дундаа орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий цахилгаан станц баригдаагүй. Харин 2024 оноос “Бөөрөлжүүт” цахилгаан станцын эхний блок ашиглалтад орж төвийн эрчим хүчний нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Ингэснээр Улаанбаатар хотод цахилгааны хязгаарлалт хийх эрсдэл 52 хувиар буурсан гэж албаныхан үздэг. Бөөрөлжүүтийн цахилгаан станц тус бүр нь 150 МВт-ын хүчин чадалтай дөрвөн блокоос бүрдэнэ. 150 МВт-ын турбин гэдэг бол Монголд хамгийн том нь. IV цахилгаан станц нэг турбин гэхэд л 100 МВт-ын хүчин чадалтай. Эхний ээлжийн 150 МВт-ын хүчин чадалтай блокоо 2024 оны арванхоёрдугаар сарын 26-нд төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системд холбож цахилгаан нийлүүлж эхэлснээс хойш жилийн дараа дараагийн 150 МВт-ыг ашиглалтад оруулсан. Ийнхүү Бөөрөөлжүүтийн цахилгаан станц одоо 300 МВт-ын хүчин чадлаар ажиллаж 800 000 айл өрхийн хэрэглээтэй дүйцэхүйц цахилгаан нийлүүлж байна. Энэ бол эрчим хүчний хязгаарлалтыг бууруулж, салбарын тогтвортой ажиллагааг хангахад бодит хувь нэмэр оруулж буй явдал. Уг цахилгаан станцын гурав, дөрөвдүгээр блок 2027, 2028 оны өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад орж бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахаар төлөвлөж буй.