
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байрлах "Интермед" эмнэлэгт тэсрэх бөмбөг суурилуулсан гэх мэдээлэл өнөөдөр өглөө 09.56 цагт хуулийн байгууллагад иржээ. Дуудлагатай холбогдуулан тус эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгчдийг гарган үзлэг, шалгалт хийж байгаа аж.
Тодруулбал, “Интермед” эмнэлгийн санал хүсэлт хүлээн авдаг QR системээр ОХУ-ын иргэн “Танай эмнэлэгт бөмбөг тавьсан” гэх мэдээлэл илгээсэн байжээ. Уг мэдээллийг шалгуулахаар эмнэлгийн ажилтан Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст дуудлага, мэдээлэл өгсөн байна. Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн болон тагнуулын байгууллагаас хамтарсан шалгалтыг зохион байгуулж байна. Одоогоор эмнэлгийн орчимд ямар нэгэн тэсрэх бодис, сэжигтэй эд зүйл илрээгүй байгаа ч аюулгүй байдлыг хангах үүднээс тус эмнэлгийн 600 орчим алба хаагч болон хэвтэн эмчлүүлж буй 30 иргэний 80-90 хувийг нүүлгэн шилжүүлжээ. Эмнэлгийн хашаан доторх байгууламжуудыг мөн шалгаж байгаа аж.

Нэмэлт мэдээллийг албан ёсоор хүргэнэ гэлээ.

Үүсээд буй нөхцөл байдлын улмаас эмнэлгээс мэдэгдэл гаргаж "Интермед эмнэлэгт ирсэн мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагаас манай эмнэлгийн байранд шалгалт, хяналтын ажлыг гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар шалгалтын явц үргэлжилж байгаа бөгөөд бид үйлчлүүлэгч, эмч мэргэжилтэн, ажилтныхаа аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, хууль хяналтын байгууллагаас өгсөн заавар удирдамжийн дагуу ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр үзлэг, шинжилгээний цаг авсан үйлчлүүлэгчдийн цагийн хуваарьт зохицуулалт хийж ажиллах ба манай харилцагчийн үйлчилгээний ажилтнууд та бүхэнтэй холбогдон цагийг шилжүүлэх, мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулах болно" гэжээ.