
МАН-ынхан УИХ-д 68 суудалтай болсон ч өнгөрсөн хоёр жилд төр тогтвортой байх тухай ойлголтыг “мартах” шахаад байна.
Засгийн газар солигдох нь манай улсад бол хэвийн үзэгдэл мэт болсон. Гэвч барагтай бол өөрчилдөггүй УИХ-ын даргыг хүртэл хоёр жилд гурван удаа солилоо. Эрх баригч намын талцлаас үүдсэн энэ хөдөлгөөн парламентын бүтцийн байгууллага болох Байнгын хороодыг ч тойрсонгүй. Хоёр жилийн өмнө найм болгон цөөлсөн эл бүтцийг эдүгээ дахин задалж, гурваар нэмэх хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхлээд байна. Ингэснээр эл парламент байгуулагдсанаас хойш Байнгын хороодод гурав дахь өөрчлөлтөө оруулах гэж буй юм.
МАН эрх барьсан сүүлийн 10 жилд УИХ-ын Байнгын хорооны бүтцийг таван удаа өөрчилжээ. Тэд 2016 онд үнэмлэхүй олонх болмогцоо найм байсан Байнгын хорооны тоог 14 болгож нэмсэн нь хамгийн данагар нь байв. Үүний дараа 2019, 2020, 2023, 2024, 2025 оны долоодугаар сард “хөдөлгөсөн”. 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж баталсантай холбогдуулан илүү бодлогын түвшинд ажиллуулах чиглэлтэй болгож, хянан шалгах чиг үүрэг, эрх мэдлийг нэмэгдүүлсэн байна. Гэхдээ тоог нь хөндсөнгүй. 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН дахин үнэмлэхүй олонх болов. Тэгмэгцээ Байнгын хорооны тоог 14-өөс 11 болгон цөөллөө. Шинээр ёс зүй, сахилга хариуцлагын, Инновац, цахим болон Үйлдвэржилтийн бодлогын гурван Байнгын хороо байгуулсан. Үүнээс хойш гурван жил эл бүтцээрээ овоо тогтвортой ажиллажээ. Гэхдээ яаж удаан тэсэх вэ. 2023 онд хамаарах асуудлыг нэгтгэх, өөрчлөх “засвар” хийв.
Дараа нь 2024 оны анхны 126 гишүүнтэй парламент бүрдлээ. Бүрэлдэхүүн нэмэгдэж, дөрвөн нам, нэг эвслийн төлөөлөл бүхий УИХ байгуулагдсан. Хэдийгээр МАН 68 суудал авч, олонх болсон ч эвслийн Засгийн газар байгуулсныг уншигчид мэдэж буй. Шинэ УИХ байгуулагдсан учраас өнөөх бүтцээ “хөдөлгөлгүй” яах билээ. 11 байсан тоог нь найм болгон хумилаа. Ингэхдээ УИХ-д иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлах, холбогдох санал бэлтгэхийн тулд тусдаа Байнгын хороо хэрэгтэй гэж үзжээ. Улмаар Өргөдлийн байнгын хороог байгуулав. Мөн хэдхэн жилийн өмнө шинээр бий болгосон инновац, цахим хөгжлийн асуудлаа Эдийн засгийнхад, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортынхыг Нийгмийн бодлогынход, Ёс зүй, дэгийн байнгын хороог Төрийн байгуулалтад нэгтгэсэн. Энэ нь өнгөн дээрээ төрийн данагар бүтцийг цөөлж, цэгцэлж буй мэт харагдана. Тэгвэл яг жилийн өмнө хянан шалгах, эрх үүрэгтэй холбоотой хэд хэдэн өөрчлөлт оруулжээ. Учир нь өнөөх цөөлж, “цэгцэлсэн” бүтэц нь ажилласангүй. Тусдаа том салбаруудыг нэгтгэж орхисон учраас Эдийн засгийн болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооныхон ачааллаа дийлэхээ больсон гэнэ. Асуудлаа хэлэлцээд дуусдаггүй, гараас нь ажил гардаггүй. Даахгүй нохой булуу хураахын үлгэр болсон байна. Тиймээс УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүд “алдаагаа” засахаар төсөл өргөн барьсан хэрэг. Үүнийг нь арваад хоногийн өмнө УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Түүний өргөн барьсан төсөлд Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Эрүүл мэнд, нийгмийн бодлогынхыг буцаагаад “өрх тусгаарлах”-аар тусгасан байна. Цахим хөгжил, инновацыг Эдийн засгийн байнгын хороонд нэгтгэсэн байснаа ч больж, тусад нь гаргахаар шийджээ. Өөрөөр хэлбэл, Цахим хөгжил, хиймэл оюуны бодлогын гэдэг шинэ Байнгын хороо байгуулна. Хууль зүйн байнгын хорооны асуудалд хүний эрхийг хамаатуулж, нэрийг өөрчлөх нь. Төрийн байгуулалт, Төсвийн, Аюулгүй байдал, гадаад бодлогын, Өргөдлийн байнгын хороо хуучнаараа ажиллана. Ингээд нийт 11 Байнгын хороотой болсноор овоорсон ачааллаа буцаан задалж, төрийн ажлыг саадгүй явуулах юм байх.
Байнгын хороо бол эрхлэх асуудлынхаа хүрээнд санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган, нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх үүрэгтэй нэгж. УИХ-ын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэй ажилладаг. 2021 онд УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг баталснаас хойш нийгэмд шуугиан тарьсан томоохон хэргүүдтэй холбоотой олон нийтийн сонсгол зохион байгуулдаг болсон. УИХ-аас хөрсөн дээрээ буусан, тооцоо судалгаатай, сайн хууль батлах нэг үндэс нь мэргэжлийн Байнгын хороодоос хамаардаг нь үнэн. Гэвч ес дэх парламентаа байгуулаад ажиллаж буй атлаа л одоо болтол арга барилаа олоогүй, Байнгын хороо нь ямар бүтэцтэй, алинд юуг хамааруулж ажиллах, яавал ачааллаа тэнцүүлэх талаар мэдлэггүй хэвээр байгаа нь гунигтай. Бүх зүйлд сэтгэл хөдлөлөөр ханддаг нэг “гажиг” жишиг манай төрд шургалсан нь бүр парламентдаа ч “халдсан” аж. Аливаа шийдвэр гаргахын өмнө тооцоо, судалгаа гээд тун чухал нэг юм хийх учиртай байдаг. Гэвч үүнийг л орхигдуулаад байгаа нь хоёр жилд гурван удаа өөрчлөлт хийж буйгаас харагдана.
Өмнө нь зөндөө нэгтгэж, салгасан бүтэц шүү дээ. Шинээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц болон цаг үеийн хөгжлөөс үүдэн өөрчлөх шаардлага гарахыг ойлгож байна. Гэвч нэг парламентын бүрэн эрхийн 50 хувьд нь жилийн зайтай гурав дахиа өөрчилж буйг дээрх шалтгаантай холбох боломж алга. Тэгвэл зорилго нь юу вэ. УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах дээрх төслийг чуулганаар хэлэлцэх үед гишүүн Ж.Баярмаа “Засгийн газраа ойр ойрхон солиод болдог юм байж. Гэтэл УИХ, Байнгын хорооны тоо, агуулгыг ямар их өөрчилдөг юм. Нэг бол томруулаад, эсвэл жижигрүүлээд байгаагийн чинь зорилго юу вэ. Бодлогын хүрээнд хийгээд байна уу, улс төрийн шалтгаантай юм уу. “Бялуу” хуваах зорилгоор өөрчлөөд, ахин хэдэн Байнгын хороо нэмж хэдэн гишүүний амыг таглая гэдэг юм уу. Хоёр жилд гурван удаа өөрчлөх нь залгамж чанарыг алдагдуулж байна” гэсэн юм.
УИХ-ын тухай хуулийн 25.6-д “Байнгын хороог УИХ-аас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ” хэмээн заасан. Бас нэг удаа улирааж болно. Энэ бол уг нь хуралдаан зохион байгуулагч, даргалагч. Гэвч манайд “дарга” гэдэг үгнээс үүдэлтэй гажуудал бий болсон. Дарга болно гэдэг нь эрх ямба, мэдэл дагалдана гэсэн үг. Бас улс төрийн “хор найруулга” хийхэд энэ албан тушаалыг яаж ашигладгийг 2025 оны аравдугаар сард МАН доторх 1980-аад оны бүлэглэл Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан үйл явцаас харж болно. Төрийн байгуулалт хэмээх чухал Байнгын хорооны дарга байсан Ц.Сандаг-Очир эл “хуйвалдаан”-д амжилттай оролцсон. Хэрэгтэй үедээ бол тэрээр “Ажлын цаг дууссан, хуралдаан зарлахгүй” гэнэ. Ашиг сонирхолд нь нийцсэн асуудлыг бол ажлын дараа ч хамаагүй хуралдаад шийдэж байв. Ерөнхий сайдыг огцруулах санаачилга гаргасан гишүүд нь тус Байнгын хорооны хурлаар “Огцруулахыг дэмжихгүй” гэж санал хураалгаад түүнийгээ чуулган дээр “Дэмжихгүйг дэмжих” буюу татгалзсан саналын олноор зорилгоо биелүүлсэн түүх бий. Мөн хамгийн сүүлд Эдийн засгийн байнгын хорооны даргаар гишүүн Б.Заяабалыг сонголоо.
Уг нь Байнгын хорооны даргад тусгайлсан нэмэлт хангамж олгох тухай хуульд тусгаагүй. Гэхдээ УИХ-ын Тамгын газраас Байнгын хорооны дарга нарыг илүү том ажлын өрөө, автомашинаар хангах зэргээр зохицуулалт хийдэг. УИХ-ын ахмад гишүүн Д.Рэгдэл өрөөний хэрүүл хийгээд яваад буйг анзаарсан биз. Зай талбай нь давчуу, туслахтайгаа нэр өрөөнд суумааргүй байна, гишүүний бүрэн эрхийг хангахгүй нь гэх мэтээр тоймтой ажил хийдэггүй атлаа эл ахмад гишүүн гомдоллож буй. Тэгвэл Байнгын хорооны “дарга” болсон хүн энэ асуудлаа ядаж шийдүүлчхэж байгаа юм. Үүнээс эхлээд ашигтай учраас л гишүүд ээлжлэн Байнгын хорооны дарга хийдэг, болохыг хүсэж тэмүүлдэг биз. УИХ-ын тухай хуульд Байнгын хорооны даргыг гишүүд нь дотроосоо сонгох бөгөөд парламентад сонгогдон ажилласан хугацаа, туршлагыг харгалзана гэж заасан. Гэвч бодит байдалд шинээр сонгогдсон ч байсан хамаагүй “ээлжлэх” зарчмаар даргалж буй нь нууц биш. Тийм ч учраас албан тушаалын нэг “бялуу” болж буй юм. Өөрөөр хэлбэл, гишүүн Ж.Баярмаагийн хардлага оргүй биш.
Улс төрийн зорилгоор ч бай ямартай ч УИХ-ын бүтцийн байгууллагад өөрчлөлт оруулахдаа учиртай хандах ёстой. Бүтцийг жил бүр өөрчлөх нь үнэхээр л төрийн ажил, тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй. Тиймээс судалгаа, тооцоонд үндэслэж Байнгын хороодынхоо ачааллыг анхнаас нь тэнцүүлэн хуваарилдаг болоосой. Арав дахь парламентаа байгуулахдаа ядаж энэ талаар туршлага, мэдлэгтэй, нэгдсэн нэг ойлголт, стандарттай болсон байгаасай.
С.Туул