
Европын Холбоо даяар 13-аас доош насныхны сошиал медиа ашиглахыг хориглож, түүнээс дээш насны хүүхдүүдийн дижитал технологийн хэрэглээнд хязгаарлалт тогтоохоор ажиллаж байна гэж Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен лхагва гарагт мэдэгдлээ.
Дэлхийн хэмжээнд хүүхдүүдийн сошиал медиа ашиглалтыг хязгаарлах хөдөлгөөн өрнөж буй энэ үед ЕХ-ны хэд хэдэн гишүүн улс өсвөр насныханд зориулсан хязгаарлалт нэвтрүүлсний дараа Европ даяар мөрдөх дүрэм боловсруулах алхам хийж байна. Австрали улс 2025 оны арванхоёрдугаар сард 16-аас доош насныханд сошиал медиа ашиглахыг хориглосон дэлхийн анхны улс болсон.
“13 нас хүрээгүй бол сошиал медиа ашиглахгүй. 15 нас хүрээгүй бол хувийн аккаунтгүй байна” гэж Фон дер Ляйен Францын Страсбург хотод болсон Холбооны байдлын талаарх илтгэлдээ хэлжээ.
Тэрээр 13, 14 настай хүүхдүүдэд эцэг эхийн хяналттай, хязгаарлагдмал боломж бүхий “жижиг аккаунт” нээхийг зөвшөөрч болох ч ийм аккаунтыг өдөрт нэг цагаас илүү ашиглахгүй байхаар хязгаарлана гэдгийг онцлов.
Ихэнх томоохон сошиал медиа платформууд 13-аас доош насныхныг ашиглахыг хориглодог гэж мэдэгддэг ч хууль тогтоогчид болон цахим орчны аюулгүй байдлын мэргэжилтнүүд уг дүрмийг хэрэгжүүлэхэд хангалттай арга хэмжээ авч байгаа эсэхэд эргэлздэг.
Европын Комисс буюу ЕХ-ны гүйцэтгэх засаглалын байгууллага пүрэв гарагт Хүүхдийн тухай хууль (Kids Act)-ийн шинэ төслийг өргөн барихаар төлөвлөж байна гэж Фон дер Ляйен мэдэгдэв. Уг хуулиар нотлох үүргийг өөрчилж, сошиал медиа платформууд хүүхдэд аюулгүй гэдгээ өөрсдөө нотлох шаардлагатай болно.
“Том технологийн компаниудын эрх мэдлийг хэт их, буцаах боломжгүй гэж олон хүн үздэгийг би мэднэ. Би үүнтэй санал нийлэхгүй. Европ үйлдэл хийх эрх мэдэлтэй. Дүрмийг Big Tech биш, бид өөрсдөө шийднэ” гэж Фон дер Ляйен хэлжээ.
Гэвч бодит байдал дээр Хүүхдийн тухай хууль батлагдаж, хэрэгжих хүртэл хэдэн жил шаардагдаж болзошгүй. Учир нь уг хуулийг ЕХ-ны гишүүн улс бүр батлах шаардлагатай бөгөөд тэдний зарим нь сошиал медиаг хориглох өөрсдийн арга хэмжээг аль хэдийн хийсэн.
Франц улс долдугаар сард хууль тогтоогчдын санал хураалтаар 15-аас доош насны хүүхдүүдэд сошиал медиа ашиглахыг хориглосон ЕХ-ны анхны улс болсон. Гэвч тус улсын Үндсэн хуулийн шүүх уг хоригийг хожим хүчингүй болгосон. Испани, Дани, Швед зэрэг бусад ЕХ-ны орнууд ч сошиал медиа ашиглах насны хязгаарлалт тогтоохоор ажиллаж байна.
Хуулийн Pinsent Masons фирмийн хамтрагч Лауро Фава ЕХ-ны Хүүхдийн тухай хууль нь томоохон онлайн платформуудыг зохицуулдаг Дижитал үйлчилгээний тухай хууль болон хиймэл оюун ухааны тухай хуультай адил “ЕХ-ны шинэ томоохон зохицуулалт” болно гэж хэлжээ.
“Холбогдох компаниудын хувьд гишүүн улс бүрийн олон янзын хуультай тус тусад нь харьцахаас илүү нэгдсэн, уялдаатай, харьцангуй тэнцвэртэй дүрмийг дагаж мөрдөх боломжтой болно” гэж тэрээр мягмар гарагт ЕХ даяарх цахим аюулгүй байдлын арга хэмжээний талаар хэвлэлд мэдээлэгдсэний дараа нийтэлсэн тайлбартаа бичжээ.
Хиймэл оюун ухааны талаар Фон дер Ляйен технологийг зөв хөгжүүлж чадвал “хүн төрөлхтөнд ашиг тусаа өгөх боломжтой” гэдэгт өөдрөг байгаагаа хэлсэн байна.
Гэвч технологийн асар их боломжийг нээхийн тулд “урьд өмнө төсөөлж байгаагүй түвшний хакерын халдлага” зэрэг хиймэл оюун ухаантай холбоотой “маш том эрсдэл”-ийг шийдвэрлэх шаардлагатай гэдгийг тэрээр мөн дурджээ.
Европын Холбоо хиймэл оюун ухааны хөгжлийг удаашруулах салбарын хүчин чармайлтыг хэрхэн дэмжих талаар ярилцахаар тэргүүлэх хиймэл оюун ухааны лабораториудыг урьж, хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа Фон дер Ляйен мэдэгдэв. Anthropic, OpenAI, xAI компанийн тэргүүнүүд сүүлийн өдрүүдэд технологийн хөгжлийг удаашруулахыг уриаллаа.