
Шинэ Зеландын Хойд арлын өмнөд хэсэгт хүчтэй салхи, аадар бороо орсны улмаас нэг хүн амиа алдаж, нислэгүүд цуцлагдаж, томоохон авто замууд хаагдан, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрч, цахилгаан тасарсан байна.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Веллингтонд шөнө 193 км/цагийн “маш ховор” шуурга бүртгэгдсэн байна. Унасан моднууд айлуудын байшин дээр унан хохирол учруулж, гол замуудыг хаажээ.
Албаныхны мэдээлснээр бүс нутаг даяар 30 мянга гаруй үл хөдлөх хөрөнгө (айл өрх болон албан байгууллагууд) цахилгаангүй болсон бөгөөд үүнээс 10 мянга орчим нь Веллингтоных байна.
2 дугаар сарын 16-ны өглөө тус улсын нийслэл Веллингтоноос ирэх, явах ихэнх нислэг цуцлагдаж, хойшлогдсон гэж нисэх буудлын захиргаа мэдэгдэв. Air New Zealand компани Веллингтон, Нэйпир, Палмерстон Норт нисэх буудлууд дахь үйл ажиллагаагаа түр зогсоожээ.
The New Zealand Herald сонины мэдээлснээр, Рангитикэй дүүрэг дэх Туракина Вэлли замд хөрсний гулгалт болж, 20 автомашин шаварт гацсан байна. Аврах багууд замыг цэвэрлэх хүртэл жолооч нар тэнд гацжээ.
Мөн Стэйт хурдны 1-р замын зарим хэсэг зэрэг хэд хэдэн гол чиглэлийн зам үерийн ус, хог хаягдлын улмаас зорчиход аюултай болж хаагдсан байна.
Бүс нутгийн галт тэрэгний үйлчилгээ түр зогсож, Күүк хоолойгоор явах гатлага онгоцны рейсүүд цуцлагдсанаар олон зуун зорчигчийн төлөвлөгөө тасалджээ.
Отороханга, Вайпа, Татаруаь Рангитикэй болон Манавату дүүргүүдэд онц байдал зарласан байна. Хойд арлын зарим хэсэг болон Өмнөд арлын хойд бүсэд аадар борооны сэрэмжлүүлэг хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд иргэд дахин хүчтэй борооны аюулаас сэргийлж байгаа бол албаныхан шуурганаас учирсан хохирлыг үнэлж байна.
Ловэр Хатт хотод 7000 орчим айл цахилгаангүй хэвээр байна. Хотын захиргаа оршин суугчдыг орой 18:00 цаг хүртэл сэрэмжтэй байж, гол ус, нам дор эргийн бүсээс зайлсхийхийг анхааруулсан байна. Вайвэтү Стрийм гол үерлэн эргээсээ халисан ч усны түвшин буурч эхэлсэн талаар албаныхан мэдээлжээ.
Сүүлийн 24 цагт усны хэрэглээ нэмэгдсэнийг дурдан, иргэдийг ус болон хэрэгцээт зүйлсээ шуурга, бороо намжтал хэмнэхийг уриалжээ.
Энэ үер нь хэдхэн долоо хоногийн өмнө есөн хүний аминд хүрч, өргөн хэмжээний сүйрэл дагуулсан хүчтэй шуурганы дараа болж байна. MetService-ийн цаг уурч Мматхапело Макгабутланегийн мэдээлснээр, шуурга урагш чиглэлд шилжиж байгаа бөгөөд дараагийн ээлжинд Өмнөд арлын зүүн хэсгүүдэд цаг агаарын аюултай нөхцөл үүсэх төлөвтэй байна.