
Эдийн засгийн байнгын хороо хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас эрчим хүчний салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, найдвартай ажиллагааны талаар Эрчим хүчний сайдад тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа "11 дулааны цахилгаан станцын тоног төхөөрөмж 42–65 жилийн насжилттай ба өвлийн их ачааллын үед бэлтгэл нөөцгүй ажиллаж байгаа нь аюулгүй байдалд эрсдэл үүсгэж байна. Иймд зуух, турбин болон шугам сүлжээг үе шаттай шинэчлэх шаардлагатай" гэв. Түүнчлэн 11 зуухны ашиглалтын норматив хугацаанаас 1.5-2 дахин хэтэрсэн тул шинэчлэх төлөвлөгөөг боловсруулан шийдвэрлүүлэхээр бэлтгээд байгаа ажээ.
Сүүлийн зургаан жилд 21 байгууллагад 54 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч, 59 хүн өртжээ. Эрчим хүчний салбарын хэмжээнд 12 мянга гаруй хүн ажилладаг бөгөөд дундаж цалингийн хэмжээг бодит нөхцөл байдал, ажилтны хөдөлмөрийн бүтээмж, ажлын ачааллыг харгалзан нэмэгдүүлж, 4.5 сая төгрөгт хүргэсэн байна.