
Бид бахархах түүхтэй, түүхийг нь бүтээсэн хаад, баатруудаараа омогшиж, бардамнах дуртай ард түмэн.
Мэдээж улс, үндэстэн бүхэнд оюун санааг нь нэгтгэдэг, нэгдмэл эв эеийг дээдлэхэд чиглүүлдэг удирдагч, шүтээн болсон хүмүүс бий. Монголчуудын хувьд бол нүүдэлчдийн салангид овог аймгуудыг нэгтгэж, төрийн зохион байгуулалтыг нь өөрчилж, хүчирхэг нэгдмэл эзэнт гүрэн байгуулсан Чингис хаанаа дээдэлдэг.
Тэрээр зөвхөн газар нутгийн хил хязгаарыг тэлсэн, хотуудыг түймэрдэж, цусан далай татуулсан байлдан дагуулагч төдий бус, цаг үеийнхээ сэтгэлгээг өөрчилж, дэлхийн түүхэнд шинэ жим гаргасан төрийн зүтгэлтэн байв. Түүний байгуулсан эзэнт гүрэн дорно, өрнийн алс холын улс орнуудыг холбож, худалдаа арилжаа, соёл, мэдлэг мэдээлэл харилцан солилцох өргөн уудам орон зайг бий болгосон.
Нүүдэлчдийн төр ёс, цэргийн зохион байгуулалт, хууль цааз, элч харилцааны тогтолцоо нь тухайн цаг үеийн дэлхийн улс төрийн түүхэнд тод мөр үлдээжээ. Тиймээс Чингис хааныг монголчууд бидний бахархал гэхээс илүүтэй хүн төрөлхтний түүхийн нэгэн томоохон зангилаа, дэлхийн түүхийг өөрчилсөн түүхэн хүн хэмээн авч үзэх учиртай.
Бид, ялангуяа манай эрхтэн дархтнууд, улстөрчид зарим үгсийг хаа хамаагүй хэрэглэж, түүгээрээ олон нийтэд эерэг сэтгэгдэл төрүүлж, дараагийн сонгуулынхаа зам мөрийг засах гэсэндээ улиг болгож орхидог. Аливаа зүйлээр бахархана гэдэг баяр ёслолын үеэр мандуулдаг туг төдий биш.
Социализмын үед Чингис хааны нэрийг хүртэл дуудахыг хориглож, шүлэг найрагтаа оруулсан нэгнийг шоронд хорьж явсан түүх бидэнд бий. Хаанаа хаана гээж явснаа ч сэрж, санаж байхад гэмгүй.
Бахархал гэдэг өнгөрсөн үеийн сүр хүчийг өнөөдөр өөрийн гавьяа мэт өмчлөхийн нэр бус, харин өвлөж авсан түүхийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагыг ухамсарлах юм. Өвөг дээдсийнхээ байгуулсан их үйлсийг магтан дуулах амархан, харин тэдний үлдээсэн өвийг танин мэдэж, үнэ цэнийг нь хамгаалж, хойч үедээ өвлүүлэх нь илүү чухал. Бид өдгөө хааныхаа нэрийг дуудаж цээжээ дэлддэг атал байгуулсан төрийн уламжлал, эв нэгдлийн үзэл, түүхэн өвийг судлахад хэр их цаг зарцуулдаг билээ. Хэрэв бахархал маань зөвхөн баяр ёслолын өдөр хэн нэгэн даргын индэр дээрээс уянгалуулдаг уриа лоозон төдий бол тэр нь үндэстний оюун санааг тэтгэх хүч болж чадахгүй. Харин бахархал мэдлэг болж, мэдлэг нь хандлага болж, хандлага нь үйл хэрэг болж хувирсан цагт л түүхийн өв өнөөдрийн амьдралд утга учраа олно.
Бидний өвөг дээдсийн түүхэнд ялалт, сүр хүч байхын зэрэгцээ алдаа, зөрчил, эмгэнэл, сургамж ч бий. Түүхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, сайн сайхныг нь өвлөн, алдаа онооноос нь суралцаж чаддаг байх нь үндэстний төлөвшлийн нэг хэмжүүр. Өнгөрснөө зөвхөн магтан дуулж, таагүй хэсгийг нь мартахыг хүсэх нь бахархал биш. Харин үнэнтэй нүүр тулах зориг, зүрхгүйн илрэл. Тиймдээ ч бид Чингис хаанаараа бахархахдаа зөвхөн түүний байгуулсан эзэнт гүрнийг бус, түүнийг бүтээсэн цаг үеийнхээ оюун ухаан, зохион байгуулалт, эр зориг, нэгдмэл зорилгыг ойлгох ёстой. Тэгж чадвал бахархал маань өнгөрсөнд үлдэхгүй, ирээдүй өөд урагш дэвших итгэл найдвар болно.
Нэгэн жишээ дурдахад 2008 оны 7-р сарын 1-нд бид эх орныхоо нийгмийн түүхэнд хар толбо тогтоосон аймшигт өдрийг үзсэн. Хагаран бутраад байсан монголчуудыг тун удалгүй олимпын анхны алтан медаль нэгтгэж, бүгд тэрхүү хар бараан өдрийг мартаж төв талбай дээрээ баярлаж, нэгнээ тэвэрч, халуун дулаанаар эвлэлдсэн түүхтэй. Чингис хаан бол яг үүн шиг бидний оюун санаа, нэгдмэл байдлын шүтээн дүр гэдгийг мартах учиргүй.
Бид Чингис хааны хөшөөг сүндэрлүүлж, бүр алтан баримал бүтээж, хөрөг дүртэй ширдэг ширж, айл, албан байгууллага бүр Ерөнхийлөгчийнхөө зарлигаар зургийг нь ханандаа залж дээдэлдэг. Гэвч дэлхийн улс үндэстнүүд түүхэн хүмүүсээ зөвхөн музейн үзмэр, сурах бичгийн хуудаснаа үлдээдэггүй. Харин үндэсний соёлынхоо таних тэмдэг, олон улсад таниулах брэнд болгон хөгжүүлдэг. Францчууд Наполеон, Жанна д’Аркаа, англичууд Шекспир, Черчиллийг, италичууд Леонардо да Винчи, Микеланжелог дэлхийд танигдсан соёлын бэлгэ тэмдэг болгон сурталчилж иржээ. Тэдгээр хүмүүсийн нэр, дүр нь уран зохиол, кино, театр, музей, аялал жуулчлал, боловсрол, бүр хүнс, архи ундаа дээр хүртэл бий. Түүхэн хүн гэдэг нэгэнт өнгөрсөн цагийн эзэн боловч түүний тухай бүтээсэн кино, ном, үзэсгэлэн, аяллын маршрут нь өнөөдөр ч улс орондоо үнэ цэнийг бүтээж, үр өгөөжөө ард түмэнд өгсөөр байдаг. Өөрөөр хэлбэл, түүхийн өвийг зөвхөн хадгалах бус, орчин үеийн хэлээр тайлбарлаж, дэлхийн хүмүүст хүргэх нь соёлын бодлогын чухал хэсэг болоод удсан. Атал манай төрийн түшээд шийдэх асуудал олон байхад архины шошго өөрчлөх хууль батлахад оюунаа уралдуулж, зарим нь санаачилга гаргаж, нөгөөдүүл нь дэмжиж сууна.
Гэтэл улс орнууд үндэсний бахархал болсон шүтээн хүмүүсийнхээ нэрийг, үнэ цэнийг нь дэлхийд үргэлжид өсгөж байх бодлого баримталдаг. Алдар суутнуудын нэртэй өндөр зэрэглэлийн идээ ундаан дэлхийд өчнөөн бий. Тэгэхээр архины шил дээрх шошго, тэрхүү сархад Чингис хаан нэртэй байх нь буруу зүйл биш.
Адаглаад үүнийг хориглож, хуульчиллаа гэхэд урд хөрш маань ийм нэртэй сархад бүтээж, дэлхийн брэнд болгоод эхэлнэ. Өвөрмонголд гэхэд Чингис хаанд зориулан босгосон хөшөө тоймгүй бий. Шүтээнээ хамгаалж, хүндэтгэх нь муйхраар хориглох бодлого биш гэдгийг сайтар ойлгох нь чухал.
Тиймээс бид ч бас дэлхийн жишгээс суралцах нь зүйлтэй. Чингис хааны нэрийг дэлхийн ихэнх улс мэддэг ч түүний талаар бидний өөрсдийн бүтээсэн, олон улсад сурталчлан таниулсан брэнд гэж бий бил үү? Гэтэл ард түмнийхээ төлөө чөмгөө дундартал зүтгэж буй эрхэм гишүүд маань аль болох хааж, хориглох гээд байдгийг яалтай.
Хэдхэн сарын өмнө философич С.Молор-Эрдэнэ “Монгол гэдэг ард түмэн байхгүй. Энэ бол зүгээр нэр хоч. Ийм ард түмэн дэлхий дээр байхгүй. Чингис хаан ч гэж байхгүй. Монгол хүн лав биш” хэмээн үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдсон. Аль болох олон ургалч үзэл гарч ирж байж л бид урагшилна. Бид хаанаа үргэлж өнөөдрийнх шиг дээдэлж ирсэнгүй. Түүхийн зарим мөчлөгт нэрийг нь дурсахаас цээрлэж, хөргийг нь бүтээж, байгуулсан гавьяаг нь үнэлэхээс татгалзаж явсан цаг бий.
Хуульч, нийтлэлч Д.Сүхбаатар
Монгол Улс ардчилсан эрх чөлөөт нийгэмд шилжин ороод 35 жил болж байна. Энэ үед Монголын бахархал юү болоод байна вэ? Монгол хүн гадаадын хүнээс ялгарах зүйл юү байна вэ? Монголчуудын үнэт шүтээн болсон бахархал бол Эзэн Богд Чингис хаан, төгс гэгээрсэн Бурхан багш хоёр л юм. Энэ хоёр бахархал бол үнэн хэрэгтээ ард түмний шүтээн юм. Ариун шүтээнээ доромжилж устгасан ард түмэн адаг сүүлдээ яаж доройтдогийг Монголын түүх нэгэнтээ харуулсан.
Социализмын үед үзэл суртлын хандлагаас шалтгаалан Чингис хааны тухай түүхэн үнэнийг баллуурдаж, нэрийг нь үндэстний ой санамжаас үгүй хийхийг зорьсон. Нэгэн цагт дэлхийн түүхийг өөрчилсөн их хааныхаа тухай ярихаас болгоомжилж, нэрийг нь дурсахад хүртэл хянуур ханддаг байсан гэхээр үндэстний ой санамж ямар эмзэг, үзэл суртал хэр хүчтэй болох нь харагдана. Өнөөг хүртэл 70 жилийн турш хор уршиг нь үргэлжилсэн. Гэвч арилгаж болдоггүй нэр гэж бий аж. Өнөөдөр бид хаанаа дахин дурсаж, судалж, алдаршуулж байгаа нь өнгөрсөн үеийнхээ тасарсан хэлхээг сэргээж буй хэрэг. Түүхэн үнэнтэйгээ нүүр тулж, түүнийгээ олон ургальч судалгаагаар баяжуулан, хойч үедээ зөв ойлголт болгон өвлүүлэхийг хичээж буй эрдэмтэн мэргэд олон байгаа нь сайхан. Бидний хаан бол зөвхөн өнгөрсөн цагийн их түүхийн эзэн төдийхнөөр үлдэх дүр биш болов уу. Өдгөө монголчуудын ой санамж, үндэсний ухамсрын нэгэн томоохон тулгуур хэвээр байна. Түүний нэр биднийг нэгтгэж чаддаг шиг Чингис хааны тухай ойлголт ч мөн биднийг талцан хуваах бус эвлэлдэн нэгдэхэд чиглэх учиртай. Хэн нэгэн Чингис хааныг өөр өнцгөөс харж, түүнийгээ илэрхийллээ гээд бидний бахархал үгүй болчихгүй. Үндэсний эв нэгдэл гэдэг бүгд ижил бодолтой байхын нэр бус, харин ялгаатай бодол, байр суурийн дундаас хамтын үнэт зүйлээ олж харж чаддаг байхыг хэлнэ.
Хааныхаа нэрийг улс төрийн маргаан, явцуу ашиг сонирхлын хэрэгсэл болголгүй, нийт монголчуудын түүхэн өв, соёлын нандин бэлгэдэл хэвээр хадгалах нь бидний үүрэг.
Хааныхаа нэрийг бид чулуу, хүрэлд сийлж, гэрийнхээ хойморт залж, зүрх сэтгэлдээ нандигнан хадгалж иржээ. Чингис хаан монгол хүн бүрийн ой санамжаас арилах учиргүй. Нэр нь ой санамжид дуурсагдаж үлдсэн бол үйл хэрэг нь бидний ирээдүйд үргэлжлэх учиртай. Тэр бидний ард хоцорсон домог төдий бус, дэлхийн түүхэнд монголчуудын үлдээсэн мөр, өнөөдөр ч биднийг нэгэн зүгт харахыг ямагт сануулдаг оюун санааны луужин.
Өдөр бүр нэгэнтэйгээ уралцаж, бусдын аж төрөхүй, зовлонг нь хүртэл шүүж, дүгнэж суудаг болсон бидний хувьд бол Чингис хаан эв нэгдлийн тулж босох хүч мөн. Эх орны тусгаар тогтнол бидний амин чанар байдагтай адил зүйл.