
Малчид, хоршоологчдын бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр иргэдэд хүргэх зорилготой “Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа маргааш буюу арваннэгдүгээр сарын 29-нд өндөрлөнө.
Тус худалдааны эхний өдөр 45 тонн мах борлуулсан бол хоёр дахь өдөр 19 аймаг, нийслэлээс 40 гаруй машин мах шинээр нийлүүлжээ.
Энэ удаагийн өргөтгөсөн худалдааны онцлог нь цахим худалдаа, хүргэлт болон зээлийн үйлчилгээтэй уялдуулсан явдал юм. Иргэд “Freshpack” платформоор дамжуулан мах, махан бүтээгдэхүүн захиалж, хүргүүлэн авах боломжтой. Мөн “Ardpay” аппликэйшнээр худалдан авалтын төлбөрөө зургаа хуваан төлөх нөхцөлийг бүрдүүлжээ.
Худалдааны үеэр явуулын лаборатори ажиллаж, мах, цагаан идээнд тогтмол шинжилгээ хийхийн зэрэгцээ улсын байцаагчид бүтээгдэхүүний эрүүл ахуй, жин хэмжүүрийн баталгаажилтад хяналт тавьж байна.
Иргэд тус худалдаанаас мах, дайвар бүтээгдэхүүн, цагаан идээ, жимс жимсгэнэ болон орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой юм.