Авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулахаар Улаанбаатар хотод олон төрөлт нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
НЗДТГ-ын мэдээлснээр, Зунжин худалдааны төвийг хотын төвтэй, Яармагийг хотын төвтэй холбох “Улаанбаатар Трам” төслийг хэрэгжүүлнэ. Уг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, бүрэн шинжилгээ хийж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 22.4 дүгээр заалтын дагуу есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 29-нд “Улаанбаатар трам” төслийн талаар зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалтыг татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийн оролцоог судлах зорилгоор олон нийтэд саналын урилга хүргэсэн. Энэ хугацаанд хувийн хэвшлийн оролцогчдоос дөрвөн санал ирүүлжээ.
Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх нь улсад болон татвар төлөгчдөд ямар үнэ цэн, үр ашиг авчрах эсэхийг бүрэн шинжилгээгээр баталгаажуулдаг. Үүнд, хувийн хэвшлийн хөрөнгө, шинэ технологи, чадварлаг менежментийг ашиглан төслийг илүү хурдан, чанартай хэрэгжүүлэх боломжийг тооцдог. Цаашид, "Улаанбаатар трам" төслийн бүрэн шинжилгээний дүнд сонгон шалгаруулалтыг албан ёсоор зарлах юм. “Улаанбаатар трам” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх нь нийтийн тээврийн шинэ шийдлийг богино хугацаанд, чанартай, үр ашигтайгаар нэвтрүүлэх стратегийн оновчтой хэлбэр аж.

