
Бямба гараг (2026.02.07)-ийн үдээс хойш Олимпын эсрэг жагсагчид Милан хотын гудамжаар тайван жагсаж, уриа лоозон барин, гар гараасаа барьж, дуулж бүжиглэж байв. Харин шөнө болохын хэрээр зарим жагсагчид цагдаа болон тэдний тээврийн хэрэгслийг онилон дайрч, улмаар байдал хурцдаж, албаныхан нулимс асгаруулагч хий, усан их буу хэрэглэн эсэргүүцэгчдийг тараасан байна.
Энэ явдалтай зэрэгцэн, Италийн хойд хэсгийн төмөр замын шугамуудад гарсан хэд хэдэн хэргийг эрх баригчид тусад нь шалгаж байгаа бөгөөд тэдгээр нь зохион байгуулалттай хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүй гэж болгоомжилж байна.
Ням гараг (2026.02.08)-нд Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони сошиал сүлжээндээ АНУ-ын хэвлэлүүдийн жагсаалын тухай мэдээг хуваалцан, жагсагчдыг “Итали болон италичуудын дайснууд” хэмээн буруутгав. “Цагдаа нар, Милан хот, мөн эдгээр гэмт бүлэглэлүүдийн улмаас хөдөлмөр нь үр дүнгүй болох бүх хүмүүст эв санааны нэгдлийг хүсье” гэж тэр бичжээ.
Олимпын зохион байгуулагчдыг эсэргүүцсэн уг жагсаалд Милан хот, Ломбарди бүс нутаг болон хойд Италийн бусад газраас ирсэн бүлгүүд оролцсон байна. Жагсагчид Олимпын байгууламж барьснаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, мөн олимпын наадам эдийн засаг, нийгэмд “хор хөнөөл учруулна” гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Жагсаалыг “Тогтворгүй Олимпын хороо” нэртэй идэвхтнүүдийн байгууллага зохион байгуулсан бөгөөд тэд спортын анхан шатны бүлгүүд, иргэний болон байгаль хамгаалах хөдөлгөөнүүд, оюутнууд, орон сууцны идэвхтнүүд, тэмцэгч үйлдвэрчний эвлэлүүд, Палестиныг дэмжигч сүлжээнүүд, трансфеминист хамт олныг нэгтгэн өргөн эвслийг бий болгожээ.
Мөн тэд Италийн засгийн газрын “эрх мэдэлд суурилсан аюулгүй байдлын чиг хандлага”, арьс өнгөөр ялгаварлагдсан цөөнхүүдэд хандаж буй хандлагыг шүүмжилж ирснээ жагсаалын үеэр онцолжээ.
Пьяцца Медалье д’Оро талбайгаас хөдөлсөн жагсагчид Олимпын тосгоны ойролцоогоор өнгөрөхдөө зарим нь тамирчдын байр руу салют, утааны бөмбөг шиджээ. Гэвч барилгууд нэлээд хол байсан тул шидсэн зүйлс хүрэх боломжгүй байв.
Үүний дараа жагсаал Виа Бенако гудамжаар зүүн тийш эргэж, тосгоноос холдон Пьяццале Корветтод хүрэх үед мөргөлдөөн эхэлжээ. Жагсагчдын жижиг бүлэг цагдаа руу салют харваснаар цагдаа нар давшилт хийж, дараа нь цагдаагийн фургонууд руу дахин харвасан байна. Үүний хариуд цагдаа нар усан их буу, нулимс асгаруулагч хий ашиглажээ.
Бүх жагсагчид мөргөлдөөнд оролцоогүй бөгөөд олон хүн талбайн гол хэсэгт тайван хэвээр жагсаж байжээ.
Хойд Италийн Болонья хотод бямба гарагт төмөр замын хөдөлгөөн ноцтойгоор тасалдсан бөгөөд Тээврийн сайдын мэдээлснээр Болоньягийн төмөр замын шугамууд руу “урьдчилан төлөвлөсөн халдлага” хийсэн байж болзошгүй гэж болгоомжилж байна. Гурван өөр гэмтэл илэрсэн бөгөөд тэдгээрийн дотор Болонья–Падова шугамын чиглүүлэгч дээр энгийн тэсрэх төхөөрөмж байрлуулсан нь илэрсэн тухай Италийн төмөр замын сүлжээ Ferrovie dello Stato болон Ansa агентлаг мэдээлжээ.
Мөн хурдны галт тэрэгний шугамын цахилгаан кабелиудыг тасалж, Адриатын тэнгисийн эрэг дэх Пезаро хотод цахилгаан дэд станцад гал тавьсан байна.
Мөрдөн шалгагчид анархистуудын үйлдсэн хорлон сүйтгэл байхыг магадлалтай гээд уг хорлон сүйтгэх ажиллагаа нь 2024 оны Парисын Олимпын үеэр Францын өндөр хурдны галт тэрэгний сүлжээг онилон галдан шатаах зэрэг халдлагууд үйлдсэнтэй төстэй байгааг дурджээ.