
Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж өнгөрсөн аравдугаар сарын 29-нд ажлаа хүлээлгэн өгсөн. Тэрээр хүүгээ гадаадад эмчлүүлэхээр болж байгаа тул ажлаа хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр Өвөрхангай аймгийн Засаг даргыг шинээр сонгох шаардлага үүссэн.
Өвөрхангай аймгийн МАН-ын хороо өчигдөр хуралдаж аймгийнхаа намын хорооны даргаар Т.Жамбалцэрэнг сонгосон. Мөн түүнийг Өвөрхангай аймгийн Засаг даргаар томилуулах шийдвэр гаргаж, саналаа аймгийн ИТХ-д хүргүүлсэн юм. Улмаар өнөөдөр Өвөрхангай аймгийн ИТХ хуралдаж Т.Жамбалцэрэнг аймгийн Засаг даргаар томилох тухай асуудлыг хэлэлцлээ. ИТХ-ын төлөөлөгчдийн 86.1 хувийн саналаар түүнийг аймгийн Засаг даргаар томилохыг дэмжив. ИТХ уг саналаа Ерөнхий сайдад хүргүүлж батламжлуулдаг юм. Ерөнхий сайд Засаг даргаар томилохоос татгалзах ч эрхтэй.
Т.Жамбалцэрэн нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.