
Японы Окинава мужид байрлаж буй АНУ-ын цэргүүдэд нэг сарын хугацаатай хөл хорио тогтоож, сахилга бат, дэг журмын сургалтад хамрагдах хугацаанд нь согтууруулах ундаа хэрэглэхийг хориглолоо. Хориг АНУ-ын Тэнгисийн явган цэргийн алба хаагч нутгийн эмэгтэйг дээрэмдэж, хөнөөсөн гэх хэрэгтэй холбоотой.
20 настай, ахлах байлдагч Девин Жейкоб Баллард өнгөрсөн бямба гарагт Наха хотын нэгэн зочид буудалд 39 настай Анна Ягиг хөнөөж, түрийвч болон үүргэвчийг нь авсан гэж сэжиглэгдэж байгаа юм. Баллард уг хэргийг үйлдсэнээ үгүйсгэсэн гэж цагдаа нар мэдээлжээ.
Энэ хэрэг нь Тайвань болон Хятадын ойролцоох арлуудад АНУ-ын цэргийн хүч олноор байрлаж байгаатай холбоотойгоор олон жилийн турш үргэлжилсэн, түгшүүр дагуулсан хэргүүдийн нэг юм. АНУ-ын албаныхан ийм хэргүүд Зүүн Азийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулж ирсэн.
“Манай хөршүүдтэй хийсэн харилцаа бүр манай багийн хувьд нэн чухал итгэлцлийг бэхжүүлж эсвэл сулруулдаг. Тэр итгэлцэл алдагдвал манай эвслийн хүч чадал болон энэ бүс нутгийн аюулгүй байдалд нөлөөлнө” гэж дэслэгч генерал Бенжамин Уотсон мягмар гарагт гаргасан мэдэгдэлдээ хэлж, дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхийг тушаажээ.
Окинава дахь АНУ-ын бүх цэргийн ажиллагааг 48 цагийн турш түр зогсоож, энэ хугацаанд цэргүүд стандарт, сахилга баттай холбоотой сургалтад хамрагдана гэдгийг Уотсон нэмж мэдэгдэв.
Хэрцгий, жигшмээр хэрэг
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи бямба гарагт гарсан аллагыг “туйлын хэрцгий, жигшмээр” хэмээн нэрлэжээ. Тэрбээр АНУ-ын талд эрс эсэргүүцлээ илэрхийлж, ийм хэрэг дахин гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг шаардлаа.
Зочид буудлын ажилтнууд бямба гарагийн үүрээр өрөөгөө хүлээлгэн өгөх хугацаа өнгөрсөн ч гараагүй байсан эмэгтэйг өрөөнөөс нь ухаангүй байдалтай олжээ. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, хохирогчийн хамт зочид буудалд орж буй нь хяналтын камерт бичигдсэн эрэгтэйг эрэн хайх ажиллагаанд 200 орчим цагдаагийн алба хаагч оролцсон байна.
Окинава мужийн захирагч Гэнта Кожа лхагва гарагт Такаичитай уулзаж, Наха болон Токио хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахад хүргэсэн уг хэргийн хариу арга хэмжээний талаар хэлэлцэнэ.
Япон улс АНУ-ын гадаадад байршуулсан цэргийн хүчний хамгийн том бүрэлдэхүүнийг хүлээн авдаг. Японд байрлаж буй АНУ-ын Тэнгисийн явган цэргийн 18000 орчим алба хаагчийн дийлэнх нь Окинавад байрладаг. АНУ тус арлуудыг Дэлхийн II дайны төгсгөлөөс 1972 он хүртэл захирч байжээ.