
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны охин Жу Э эцэг эхийнхээ хамт Пёньян дахь Кымсусангийн бунханд анх удаа зочилжээ. Баасан гарагт Солонгосын Төв Мэдээний Агентлаг (KCNA)-аас нийтэлсэн гэрэл зургууд дээр Кимийн гэр бүл Жу Э-ийн өвөө, элэнц өвөө болох Ким Жон Ил болон Хойд Солонгосын төрийг үүсгэн байгуулагч Ким Ир Сунд хүндэтгэл үзүүлж буй нь харагдана. Шинжээчдийн хэлснээр Кимийн гэр бүлийн “Пэктү уулын цусан угсаа”-г онцолсон суртал ухуулга нь олон арван жилийн турш эрх мэдлээ хадгалах боломж олгож иржээ.
Сүүлийн гурван жилийн хугацаанд Жу Э төрийн хэвлэл мэдээлэлд илүү олон давтамжтайгаар гарч эхэлсэн нь түүнийг улсын дөрөв дэх үеийн удирдагчаар бэлтгэж байж магадгүй гэсэн таамгийг шинжээчид болон Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагуудад төрүүлээд байна.

Ким Жу Э 2022 онд анх олон нийтэд харагдаж, танигдсан бөгөөд тэр үед эцэгтэйгээ хамт тив алгасах баллистик пуужингийн хөөргөлтөд оролцож байв. 2010-аад оны эхээр төрсөн гэж үздэг түүнийг энэ жилийн Шинэ жилийн баярын арга хэмжээнд оролцсон төдийгүй есдүгээр сард эцэгтэйгээ хамт Бээжинд очиж, анхны гадаад айлчлалаа хийсэн гэж мэдээлжээ.
Бунханд хийсэн энэхүү айлчлал нь чухал он сар, ой тэмдэглэлт өдрүүдтэй давхцсан бөгөөд цөмийн зэвсэгтэй улсын угсаа залгамжлалын түүхэн өгүүлэмжийг улам бататгасан гэж үзэж байна. Умард Солонгосын хэвлэл мэдээлэл түүнийг “хайрт хүүхэд”, мөн “агуу удирдагч” буюу солонгосоор “хяндо” хэмээн нэрлэсэн. Уг нэр томьёо уламжлал ёсоор дээд удирдагчид болон тэдний тодорхойлсон залгамжлагчдад л хэрэглэгддэг. 2022 оноос өмнө Жу Э-ийн оршин байгааг 2013 онд Хойд Солонгост айлчилж байсан NBA-ийн хуучин тоглогч Деннис Родман шууд бусаар баталж байснаас өөр мэдээлэл байгаагүй юм. Умардын удирдагчид залгамжлагчаа албан ёсоор зарлаж байгаагүй бөгөөд олон нийтийн өмнө үе үе гарч ирэх, албан үүрэг хариуцлагыг нь аажмаар нэмэгдүүлэх замаар шилжилтийг дохиолдог уламжлалтай.