
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр эхэллээ.
Улсын Их Хурлын чуулганы нээлтийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлага, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш ажиллаж байсан Улсын Их Хурлын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон.
Мөн Улсын Их Хурлын чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөллийг урьж оролцуулснаараа онцлог үйл явдал болсон юм.
Хаврын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Н.Учрал үг хэллээ. Тэрээр иргэнээсээ илүү тусгай дархан эрх эдэлдэггүй, ил тод нээлттэй, бүтээлч, хариуцлагатай, авлигаас ангид, ардчилсан парламентын нэр хүндийг өндөрт өргөж ажиллахыг мэдэгдээд Үндсэн хуульд заасан хүний заяагдмал жам ёсны үндсэн эрхийг дархлан хамгаалж, хийе бүтээе гэсэн хэн бүрийн ачааг хөнгөлж саадыг чөлөөлөхийг хүслээ хясуулсан монгол хүн бүхэн нэхэн шаардаж буйг мэдэгдсэн юм.
Мөн эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, гадаад, дотоодын хүчин зүйлсийг харгалзан, эдийн засгаа сэргээх, иргэдийнхээ ахуй амьжиргааг өөд татах эрүүл орчныг бүтээхийн тулд Улсын Их Хурлын хаврын чуулганаар тодорхой асуудал, шийдэлд онцгой анхаарлаа хандуулан ажиллахаа мэдэгдсэн юм. Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хууль, түүнийг дагалдсан 90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон хөрөнгө оруулалтын орчинд саад учруулж хуулийн төслүүд, татварын багц хуулийн төсөл болон Банкны тухай хууль болон Төвбанкны хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон хүүхдийн дээд эрх, ашиг сонирхлыг хангахын тулд нөхцөл байдлыг тал бүрээс, бүрэн, бодитой тогтоох зорилгоор шүүгч нотлох зарчмыг хэрэгжүүлдэг хуультай болох, үүний хамт Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулж хэлэлцэн батлуулах шаардлагатай байгааг онцлов.
Өнөөдөр эхэлж буй Улсын Их Хурлын хаврын чуулганыг авлигын эсрэг эрх зүйн эрүүл хөрс орчин бүрдүүлж, хогийн ургамлыг уг үндсээр нь арилгах хаврын тариалалт болгохын төлөө ухаан бодлоо уралдуулан мэтгэлцэхийг Улсын Их Хурлын дарга уриалав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ, төрийн түшээдийн ёс зүй, сахилга батыг чанд сахиж, төрд итгэх ард түмнийхээ итгэлийг сэргээж, үндэсний эв нэгдлийг улам бататган бэхжүүлэх нь урьд урьдаас илүү чухал болоод байгааг онцолсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч төр засагтаа итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам бататган бэхжүүлэх Улсын Их Хурлын гишүүний ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээ дурдлаа.
Парламентын дархлаа гэдэг нь хуулийн хамгаалалтаас илүү ард түмнийхээ итгэл сэтгэл дээр оршдгийг ямагт санаж явах учиртай. Гэтэл энэ их итгэл сэтгэлийг умартан иргэд, сонсогчдынхоо дургүйцлийг дэвэргэх нь парламентыг дотроос нь нураах хамгийн том аюул гэдгийг санаж байх хэрэгтэй. Энэхүү хуулийг баталснаар иргэдийн төрдөө итгэх итгэл, парламентад тавих хяналт, оролцоо нэмэгдэж, улс төрийн нам, эвсэл, Улсын Их Хурлын гишүүдийн хариуцлага сайжирч, популизм буурч, нэр дэвшигчдэд тавих төрийн босго шаардлага өндөрсөх ач холбогдолтойг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.
Монголчууд 1990 оны цагаан морин жил эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан бол энэ гал морин жил ардчилсан төр засгаа бататган бэхжүүлэхийн төлөө ёс зүйн хувьсгалыг эхлүүлэх ёстой гэдгийг Ерөнхийлөгч мэдэгдлээ.