Их Британийн хаан III Чарльз хорт хавдрын эмчилгээнийхээ явцын талаар мэдээлэл өгчээ. Хаан III Чарльз 2024 оны хоёрдугаар сард түрүү булчирхайн эмчилгээний дараа хорт хавдартай гэж оношлогдсоноо олон нийтэд зарласан.
Хаан III Чарльзийн хорт хавдрын эмчилгээ сайн хариу үзүүлж байгаа тул ирэх онд эмчилгээний давтамж багасна гэдгийг онцоллоо. Эдгэрэлтийн явц дахь энэ үе шатыг “хувь хүний хувьд асар их ивээл, адислал” хэмээн Хаан III Чарльз тодорхойлоод, “сүүлийн жилүүдэд хорт хавдрын эмчилгээний салбарт гарсан гайхамшигтай ахиц дэвшлүүд”-ийг өндрөөр үнэлжээ. “Өнөөдөр би та бүхэнтэй сайн мэдээ хуваалцах боломжтой боллоо. Эрүүл мэндийн асуудлыг эрт илрүүлж, үр дүнтэй арга хэмжээ аван, эмчийн зааврыг ягштал мөрдсөний ачаар ирэх онд миний хорт хавдрын эмчилгээний хуваарь багасахаар боллоо” хэмээн Channel 4 телевизийн Stand Up To Cancer нэвтрүүлэгт зориулсан бичлэгт орохдоо хэлсэн байна. Энэхүү нэвтрүүлэг нь жил бүрийн кампанит ажлаа Cancer Research UK буяны байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг байна.