
Сүүлийн гурван жилийн хугацаанд Швед улсад гэмт бүлэглэлүүдийн буудалцааны улмаас 23 гэм буруугүй иргэн амь үрэгдэж, 30 хүн шархадсан талаар тус улсын цагдаагийн байгууллагаас гаргасан статистик мэдээлэлд дурджээ.
Эдгээр хохирогчид нь тэнэсэн суманд өртсөн хүмүүс, буруу хүнийг онилсон тохиолдлууд, мөн бай болсон гэмт бүлэглэлийн гишүүдийн төрөл садан байсан гэдгийг цагдаагийн тайланд онцолсон байна.
Швед улс сүүлийн арав гаруй жилийн турш гэмт бүлэглэлүүдийн хүчирхийллийг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байгаа бөгөөд энэ нь голчлон өшөө авах, хар тамхины зах зээлийг хянахын төлөөх тэмцэлтэй холбоотой юм.
Шведийн цагдаагийн Үндэсний ажиллагааны газрын ажиллагааны зохицуулагч Александр Валлениус мэдээллийн TT агентлагт өгсөн ярилцлагадаа гэм буруугүй хүмүүс өртөж буй шалтгааны нэг нь буудлага үйлдэгчид маш залуу байгаатай холбоотой гэжээ. “Бид маш залуу гэмт хэрэгтнүүдтэй тулгарч байна. Тэдний ихэнх нь өмнө нь хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэж байгаагүй тул гуравдагч этгээд эсвэл буруу бай онох эрсдэл өндөр байдаг” гэж тэр хэлсэн байна.
Насанд хүрээгүй гишүүд
Шведийн гэмт бүлэглэлүүд олон нийтийн сүлжээ болон нууцлалтай аппликейшн ашиглан өсвөр насныхныг гэмт хэрэгт татан оролцуулдаг.
Эдгээр элсэгчид ихэвчлэн 15-аас доош насныхан байдаг бөгөөд энэ нь Шведийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны доод хязгаар юм. Иймээс тэднийг шүүх боломжгүй, харин нийгмийн халамжийн байгууллагын хяналтад шилжүүлдэг нь бүлэглэлүүдийн хувьд “ашигтай нөөц” болгодог байна.
Хэт барууны Шведийн Ардчилсан намын дэмжлэгтэйгээр эрх барьж буй барууны чиг баримжаатай цөөнхийн Засгийн газар ирэх есдүгээр сарын 13-нд болох бүх нийтийн сонгуулийн өмнө гэмт хэрэг болон цагаачлалын эсрэг бодлогоо чангатгах саналуудыг дэвшүүлж байна.
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар TikTok, Snapchat зэрэг нийгмийн сүлжээний платформуудыг гэмт бүлэглэлүүдийн нийтэлдэг “хүн хөнөөлгөх зар”-ын контентыг нэг цагийн дотор устгахыг шаардсан хууль санаачлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Үүнийг биелүүлэхгүй бол өндөр торгууль ногдуулах юм.
Мөн Засгийн газар өмнө нь дор хаяж дөрвөн жилийн хорих ялтай гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх насыг 15-аас 13 болгон бууруулах санал гаргаж байжээ.