
Долоо хоног тутмын "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ. Энэ удаагийн дугаарт багтсан онцлох нийтлэлүүдийг танилцуулъя.
Нэг. Баяраа өөрөө л ширээн дээрээс унасан
Төрд зүтгэж явахад хэлмэгдүүллээ, хонгилдлоо, өрсөлдөгчөө зайлууллаа гэж ярьцгаадаг ч нидэр дээрээ жижигхэн эрх ашигтаа бүдэрсэн нь олон.
Улстөрчид гэмт хэрэгт холбогдох явдал үргэлжид улс төрийн маргаан тарьдаг. Төрд зүтгэж явахад хэлмэгдүүллээ, хонгилдлоо, өрсөлдөгчөө зайлууллаа гэж ярьцгаадаг ч нидэр дээрээ жижигхэн эрх ашигтаа бүдэрсэн нь олон. Энэ бүхэн нэг л дүгнэлтэд хүргэнэ. МОНГОЛЫН ТӨР ЗҮТГЭСЭН ХҮНДЭЭ БУС, ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХҮНДЭЭ “ХАЛТАЙ” БАЙХ ЁСТОЙ.
Г.Улсболд “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай юу” нийтлэлээс
Хоёр. Хаврын чуулган өнөөдөр эхэлнэ ...
УИХ-ын хаврын чуулган өнөөдөр эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд улс төр халах нь тодорхой болоод байна. доо үйлчилж буй хуульд УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон нөхцөлд эгүүлэн татах зохицуулалт бий. 2024 оны сонгуулийн үр дүнгээр бүрдсэн, анхны 126 гишүүнтэй парламентад намын жагсаалтаар голдуу ёс зүйн “ё” үсэг ч байхгүй, хууль дүрмийг уландаа гишгэдэг, ичих булчирхайгүй хэдэн гишүүн орж ирсэн. Гэхдээ хуулийн төсөл зөвхөн жагсаалтынханд хамаарна гэж ойлгож болохгүй. Хууль зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргасан л бол жагсаалт, тойргоос сонгогдсон гэж ялгахгүй үйлчилнэ...
С.Туулын “Хаврын чуулганаас хүлээх үр дүн юу вэ” нийтлэлээс
Гурав. Уриа төдий “Халамжаас хөдөлмөрт” хэмээх бодлого
Сонгуульд шууд санал өгдөг учраас намууд иргэдэд янз бүрийн халамж, хөнгөлөлт, чөлөөлөлт амлаж, хэрэгжүүлдэг. Мөн аж ахуйн нэгжүүдэд ч янз бүрийн хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшуулал олгосоор ирсэн. Эдийн засаг тэлэхийн хэрээр энэ бүхнээ багасгах бодлого баримтлах ёстой. Гэтэл хүрээг нь улам тэлсээр байна. Тухайлбал, Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа малын гаралтай түүхий эдээ бүрэн ашиглаж, өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох, дотоодод нэмүү өртөг бүтээх, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол баталлаа. Тус тогтоолоор ноолуурын ээрэх үйлдвэр байгуулах хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг шийдвэрлэх, ноолууран бүтээгдэхүүнийг экспортод гаргаж байгаа хувийн хэвшилд экспортын урамшуулал олгох талаар холбогдох эрх зүйн орчин бүрдүүлэх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав...
С.Шийлэгтөмөр “Экспортод гаргасан цамц бүрийн чинь тоогоор шагная” нийтлэлээс
Дөрөв. Үнэнд гүйцэгдсэн өр, орлогын харьцаа
Улмаар 10 өрх тутмын дөрөв нь 3 сая төгрөгөөс давсан орлоготой болжээ. Гэвч орлого нэмэгдэх хэрээр зарлага ч дагаж өссөөр буй. Мөн үеийн байдлаар өрхийн сарын дундаж зардал 3 сая 103 мянган төгрөгт хүрчээ. Зөрүү 91 мянган төгрөг. Бүр халаглам нь, иргэдийн олдог мөнгө нэмэгдэх тусам өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляц гаарч буй. Тоо сөхвөл, өрхийн сарын дундаж орлого нэрлэсэн дүнгээрээ жилийн өмнөхөөсөө 14.1 хувь өссөн ч бодит буюу инфляцын нөлөөг хассан өсөлт нь ердөө 5 хувь байна. Үүний улмаас авсан цалин, олсон орлого нь тавтай амьдрах хүсэл, байр машин тэргүүтэй хэрэгцээ, аялах, хүүхдийнхээ хөгжил, хүмүүжилд хөрөнгө оруулах шаардлагыг нь хангаж чадахгүй байна.
О.Даваа “Өрхийн өрийн парадокс” нийтлэлээс
Тав. Хүү буурах хүлээлт үүсгэсэн “гадаадын банк”-ууд
Гадаадын банк орж ирэх нь эерэг, сөрөг олон талтай. Одоогийн байдлаар манай улсад гадаадын банкны салбар, нэгж байгуулах эсвэл Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах, арилжааны банкуудад хөрөнгө оруулах боломж эрх зүйн хувьд нээлттэй. Гэхдээ хөрөнгө оруулагчдын хүссэн хэмжээний эрх зүйн болон бизнесийн орчин одоог хүртэл бүрдээгүй нь дээрх хуулиудын хэрэгжилтээс тод харагдана. 2021 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар системийн нөлөө бүхий банкууд 2022 оноос эхлэн олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилжиж эхэлсэн. Энэ хүрээнд нийт 446 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн ч Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу 2027 он гэхэд банкны 1 хувьцаа эзэмшигчийн дээд хязгаарыг 20 хувьд хүргэх шаардлагатай байгаа. Энэ заалтыг хэрэгжүүлэхэд системийн нөлөө бүхий 5 банкны хувьд хамгийн багадаа 2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтаар хангах шаардлага тулгарна. Гэхдээ одоогийн эрх зүйн орчныг сайжруулахгүйгээр энэ нь боломжгүй гэдгийг Монголбанкнаас мэдэгдэж, хуулийг шинэчлэхээр ажлын хэсэг байгуулагдаад буй...
М.Мөнхжаргал “Гадаадын банк оруулах нь зөв, буруу” нийтлэлээс
Зургаа. Бусдын амьдралаар бусад нь тоглоод дуусдаг
Жүжигт хайрцаг чухал үүрэгтэй. Чемодан шиг хэлбэртэй том, жижиг олон төрлийн хайрцаг. Тэд тайзан дээр бидэнд үзэгдэх авч харин тоглоомчдын хууран мэхэлж, бусдыг хэн ч бишээр үзэх ертөнцийн хайрцаг үзэгчдэд харагдахгүй. Амьдрал нэг зах нь үхэх, нөгөө нь төрөх үл үзэгдэгч заагтай. Тэрхүү хоёр талын зааг дээрээс бид эцэс төгсгөлгүй тоглоом үргэлжлэх нэгэн хайрцаг руу түлхэгдэн орох шиг болно. эсвээс гол дүрийг тосох хоосон халаасыг дахин хэд ихэсгэсэн хувилбар ч байж болох. Хэн, хэрхэн мэдэх билээ. Гол нь түүний наадах хайрцаг нээгдэхэд жүжигчид болон туслах буурчийн дүрүүд, газрын жоом, Ихаверийн шидэт хөзрүүд хүртэл урган гарч ирэх илбэчний бүрх малгай шиг сэтгэгдэнэ. Ерөөс эл жүжгээс найруулагчийн шийдлээр дахин амилсан Гоголийн уран бүтээлийн амин сүнс нэвт харагдана. Хоёр дахь найруулагч Н.Ялалтын бүтээсэн Утешительный нэн түрүүнд Тоглоомчдын барьж яваа том хүрэн хайрцаг ёроолгүй, ид шидийн гэмээр мэдрэмжийг төрүүлнэ. Яг л үлгэр дээр гардаг шиг бүгдийг багтаах шидтэй ч гаднаасаа бол дундаас жаахан том авдар мэт үзэгдэнэ...
Нийтлэлч Б.Алтанхуяг - “Бусад нь юу ч биш” шүүмжээс
Долоо. Батлан хамгаалахын зардал өссөөр
Европ, Ази, Ойрх Дорнод зэрэг бүсүүдэд батлан хамгаалах зардал нийтээр өссөөр. Энэ өсөлт зөвхөн нэг улсын зэвсэглэл биш, дэлхий даяарх зэвсэглэл зэрэг нэмэгдэж байгааг харуулж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл, олон талт зэвсгийн өрсөлдөөн бий болсон. Хэдийгээр дэлхий даяар батлан хамгаалах салбарын зардал өсөж байгаа ч, дэлхийн цэргийн системийн гол төв нь одоо ч АНУ хэвээрээ л байна.
Гадаадын өртөг өндөр, сүйрэл дагуулсан дайнд АНУ-ын оролцоог зогсооно гэж амлаж байсан ч Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын эхээр Израилтай хамтран Иранд томоохон хэмжээний цэргийн довтолгоо эхлүүлж, тус улсын удирдлага, цөмийн болон пуужингийн дэд бүтцийг онилсон...
Л.Эрдэнэжаргал - “Анжистай Оросыг атомын гүрэн болгосон дайны өртөг” нийтлэлээс
