
Монгол бөхийн өргөөнд өнөөдөр Баянхонгор аймгийн золголтод зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн нээлттэй барилдаантай. Энэ нь аймгуудын нутгийн зөвлөлөөс зохион байгуулж буй барилдааны эхнийх юм.
Булган аймгаас төрөн гарсан таван аваргын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 барилдаан маргааш болно. Тус барилдааныг 2019 онд бөхийн өргөөнд хийхэд улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, аварга П.Бүрэнтөгс үзүүрлэж байжээ. Түүнээс хойш тус барилдааныг төрөлх Булган аймагтаа жил бүр уламжлал болгон зохион байгуулж байсан юм.
Харин гуравдугаар сарын 1-нд улс төрийн ууган хүчин Монгол ардын намыг үүсэн байгуулсны түүхт 105 жилийн ой, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, бүрэн эрхт байдлаа баталгаажуулсан “Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болно. Тус барилдааныг хамгийн сүүлд 2019 онд зохион байгуулахад улсын аварга О.Хангай түрүүлж байжээ..