
Ромын пап XIV Леогийн уушгины хорт хавдрын хагалгааны дараах биеийн байдал сайжирч байгаа учир ажилдаа эргэн орсон талаар Ватикан мэдээлжээ.
Пап Леод уушгины хорт хавдрын хамгийн түгээмэл хэлбэр болох уушгины аденокарцинома оношлогдсон бөгөөд эмч нар мягмар гарагийн үдээс хойш хийсэн хагалгаагаар түүний баруун уушгины доод дэлбэнг авсан байна.
Эмч нар түүний биеийн байдлын талаар хамгийн сүүлд мэдээлэхдээ папын тогтмол үзлэгийн хариу хэвийн гарсан, цээжний рентген зураг уушги нь сайн эдгэрч байгааг харуулсан гэж мэдэгджээ. Түүнчлэн Лео өдөр тутмын ажлаа бусдын тусламжгүйгээр бие даан хийж, физик эмчилгээ хийж байгаа аж.
Ватиканы мэдээлснээр хагалгаа ямар нэгэн хүндрэлгүй, амжилттай болжээ. Гэвч хавдрын хэмжээ болон өвчин ойролцоох тунгалгийн булчирхайд тархсан эсэхийг одоогоор мэдээлээгүй байна. Эдгээр нь өвчний цаашдын явцыг урьдчилан тодорхойлоход чухал хүчин зүйлс юм.
Леогийн олон нийттэй хийх уулзалт, арга хэмжээг ирэх мягмар гараг хүртэл цуцалжээ. Цаашид ямар эмчилгээ шаардлагатайг шийдэхэд чухал ач холбогдолтой эдийн шинжилгээний хариу хэд хоногийн дараа гарах гэнэ.
Леогийн биеийн байдлын талаар Ватиканаас гаргаж буй эмнэлгийн мэдээлэлд папын хагалгааг удирдсан мэс засалч Стефано Маргаритора болон хувийн эмч Луижи Карбоне нар гарын үсэг зурж байгаа аж.
Папын эрүүл мэндийн талаар удаан хугацаанд мэдээлэл өгөхөөс зайлсхийж ирсэн Ватикан энэ удаад Леогийн биеийн байдлын талаар ер бусын нээлттэй мэдээлж байна. Энэ нь өмнөх пап Францискаас ялгаатай юм. Франциск эмнэлэгт үзүүлэх гэж байгаагаа урьдчилан зарлах нь ховор байсан. Үүнээс болж түүний эрүүл мэндийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд таамаг дэвшүүлж, ихээхэн шуугиан дэгдээх үе гардаг байжээ.