
Саудын Араб болон түүний холбоотнууд аюулгүй байдлын өндөр түвшний албан тушаалтнуудаа Иранд илгээж, даваа гарагт хэлэлцээ хийлээ.
Пакистаны армийн командлагч Асим Мунир, Туркийн тагнуулын байгууллагын тэргүүн Ибрахим Калын нар Саудын Арабын Батлан хамгаалахын сайд, хунтайж Халид бин Салмантай хамт Техранд хүрэлцэн ирж, Ираны үндэсний аюулгүй байдлын тэргүүн Мохсен Резаи, Ерөнхийлөгч Масуд Пезешкиан зэрэг тус улсын өндөр албан тушаалтнуудтай уулзжээ.
Саудын Арабын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, хунтайж Халид болон Меккагийн хамтарсан батлан хамгаалах хэлэлцээрт нэгдсэн орнуудын төлөөлөгчдийн айлчлал нь өнөөгийн хямралд оролцогч талуудын хоорондын хурцадмал байдлыг намжаах, яриа хэлэлцээ, дипломат шийдлийг дэмжих, Катар болон Пакистаны зуучлалын хүчин чармайлтад туслах зорилготой аж.
Тус яамны мэдэгдэлд Саудын Арабын хаант улс хямралд оролцогч талуудаас “эерэг, бодитой хамтын ажиллагаа” хүлээж байгааг онцолжээ.
Мөн бүс нутагт цэргийн мөргөлдөөн дахин хурцдахаас сэргийлэхийн тулд хэлэлцээний сувгуудыг нээж, хямралыг эцэслэн шийдвэрлэх, аюулгүй байдал, энх тайвныг тогтоох хэлэлцээр байгуулах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэсэн байна.
Түүнчлэн өнгөрсөн сард Ираны дэмжлэгтэй Йемений хуситууд Саудын Арабын объектуудад чиглэсэн халдлагаа эрчимжүүлснээс хойш Иран, Саудын Арабын хооронд хийж буй анхны өндөр түвшний уулзалт болжээ.
Ираны төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн мэдэгдэлд дөрвөн улс бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвныг дэмжихийн тулд яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцсон гэж дурдсан байна.
Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаи уулзалтын өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Бүс нутгийн аюулгүй байдлыг зөвхөн тухайн бүс нутгийн улс орнуудын хүсэл зориг, аюулгүй байдлын ашиг сонирхолд тулгуурлан хангах боломжтой гэдгийг бид тууштай онцолж ирсэн” гэжээ.
Саудын Араб, Турк, Пакистан нь бүс нутгийн хамгийн нөлөө бүхий гурван гүрнийг нэгтгэсэн, шинээр байгуулагдсан Меккагийн холбооны гишүүд юм.
Энэхүү эвслийн гэрээнд аль нэг гишүүн улс руу халдсан тохиолдолд бүх гишүүний эсрэг халдсанд тооцох зарчим тусгагдсан байна.
Цөмийн зэвсэгтэй Пакистан, Туркийн цэргийн хүчин чадал, Саудын Арабын санхүүгийн нөөцийг нэгтгэсэн уг эвсэл олон улсын анхаарлыг татаж байгаа юм.
Хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш Пакистан Вашингтон, Техраны хоорондын гол зуучлагчдын нэг байсаар иржээ.
Олон улсын хямралын бүлэг (ICG) судалгааны байгууллагын Ираны асуудал хариуцсан ахлах шинжээч Хамидреза Азизи CNN-д өгсөн ярилцлагадаа “Энэ уулзалтын ач холбогдол юуны өмнө болж буй цаг хугацаа болон оролцож буй албан тушаалтнуудад оршиж байгаа”-г онцолжээ.
Тэрбээр “Иран, АНУ-ын хооронд дахин дайн дэгдэх эрсдэл нэмэгдэж, Меккагийн хэлэлцээрт нэгдсэн гурван улсын аюулгүй байдлын шууд ашиг сонирхол хөндөгдөж буй үед энэ уулзалт болж байна” хэмээн тайлбарласан байна.
Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүн, тус улсын бодит удирдагч гэгддэг угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы дүү Халид бин Салман Иранд айлчилсан нь ажиглагчдыг гайхшруулжээ.
Иран, Саудын Араб нь шашин, үзэл суртлын хувьд өрсөлдөгч байр суурьтай бөгөөд олон арван жилийн турш бүс нутгийн нөлөөний төлөө тэмцэлдэж ирсэн юм.
Энэ өрсөлдөөн нь оны эхээр АНУ, Израил Ираны эсрэг дайн эхлүүлсний дараа шууд сөргөлдөөнд хүрсэн.
Ойрхи Дорнодын орнууд найман сарын турш үргэлжилсэн тогтворгүй байдлын дараа АНУ Ираны эсрэг дахин цэргийн ажиллагаа эхлүүлбэл Техран хариу цохилтоо эрчимжүүлнэ гэж болгоомжилж байна.
АНУ-ын хоёр албан тушаалтан CNN-д мэдээлснээр, болзошгүй цэргийн ажиллагааг хэрэгжүүлэхэд хангалттай хэмжээний Америкийн цэргийн хүчийг бүс нутагт аль хэдийн байрлуулаад байгаа аж.