
Умард Солонгос Оросын Украин дахь дайныг дэмжих хүрээнд цэргүүд, зэвсэглэл, улмаар пуужингийн нэгж хүртэл илгээжээ. Энэ нь тус улсын 1950-иад оны Солонгосын дайнаас хойших хамгийн том хэмжээний цэргийн оролцоонд тооцогдоно.
Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газар (GUR)-ын нэгэн албан тушаалтны мэдээлснээр, Украинд довтлоход ашиглах боломжтой 120 хүртэлх баллистик пуужин болон зургаан харвагч төхөөрөмжөөр тоноглогдсон байж болзошгүй Умард Солонгосын пуужингийн нэгж Оросын баруун хэсэгт байрлаж эхэлжээ.
Түүний хэлснээр, уг нэгж нь ойролцоогоор Умард Солонгос 90 цэргийн алба хаагчаас бүрдэх бөгөөд Оросын Воронеж мужид байрших төлөвтэй байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський өнгөрсөн долдугаар сард Орос дахин 30 мянган Умард Солонгосын цэрэг татан авчрахыг хүсжээ. Тэднийг хүлээн авах байгууламжийг Воронеж мужид бэлтгэж байна гэх мэдээлэл ч цацагдсан.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар 2024 оны зургадугаар сард Пёньянд Стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулсан. Уг гэрээнд аль нэг тал гаднын халдлагад өртвөл харилцан туслалцах тухай заалт багтсан байдаг. Пёньян энэ дайнд оролцож буйгаа гэрээний түншдээ үзүүлж буй тусламж хэмээн тайлбарладаг. Ким Жон Ун 2025 оны тавдугаар сард энэ дайнд оролцох нь "ахан дүүсийн улс"-ыг хамгаалах хүрээнд Умард Солонгосын бүрэн эрхийн хууль ёсны хэрэгжилт гэж мэдэгдсэн.
Шинжээчдийн үзэж буйгаар Пёньян эдгээр тусламжийнхаа хариуд гадаад валют, газрын тос болон эдийн засгийн дэмжлэг, оросын цэргийн технологид нэвтрэх боломж, байлдааны бодит туршлага зэрэг олон ашиг хүртэж байгаа аж.
Мөн Умард Солонгосын цэргүүд дрон, цахим дайн, их бууны ажиллагааны уялдаа холбоо, орчин үеийн байлдааны тактикийн туршлага хуримтлуулж байгаа бол тус улсын пуужин, сум үйлдвэрлэлийн салбар бодит дайны нөхцөлд бүтээгдэхүүнээ турших боломжтой болсон гэж шинжээчид үзэж байна.
Украин, АНУ болон Өмнөд Солонгосын анхны үнэлгээгээр 2024 оны сүүлээр 10 000-12 000 цэрэг Орост илгээгджээ. 2025 оны нэгдүгээр сард АНУ-ын НҮБ дахь орлогч суурин төлөөлөгч Орост 12 мянгаас дээш Умард Солонгосын цэрэг байгаа гэж мэдэгдсэн. Дараагийн үнэлгээгээр Курск мужид 14 000-15 000 орчим цэрэг байсан гэж үзжээ.
Украины талын албан тушаалтны хэлснээр, энэ сарын байдлаар 9500 орчим Умард Солонгосын цэрэг Курск мужид үлдсэн ч тухайн үед Украин руу чиглэсэн ажиллагаанд шууд оролцоогүй гэдэг.
Орос, Умард Солонгос хоёр 2025 оны дөрөвдүгээр сард Умард Солонгосын цэргүүд Курск мужид Украины хүчний эсрэг тулалдсан гэдгийг анх удаа албан ёсоор баталсан юм.
Орос Курск мужийн газар нутгийг эргүүлэн авсан гэж мэдэгдсэний дараа тус улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Умард Солонгосын цэргүүдийн үүргийг өндрөөр үнэлсэн бол Пёньян цэргүүдийг Ким Жөн Уны тушаалаар илгээсэн гэж мэдэгдсэн.
Өөр ямар алба хаагчид илгээхээр болсон бэ?
2025 оны зургаадугаар сард ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу Умард Солонгос 1000 сапёр болон 5000 цэргийн барилгын ажилтан илгээж, Курск мужид мина цэвэрлэх болон дайнд сүйдсэн дэд бүтцийг сэргээн босгоход оролцоно гэж мэдэгдсэн.
Мөн тэр сард Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны мэдээлэлд үндэслэн парламентын гишүүд Умард Солонгос нэмэлт хүч Орос руу илгээхээр хүмүүсээ бүртгэж эхэлсэн бөгөөд эдийн засгийн хамтын ажиллагаа, техникийн туслалцааны хариуд их бууны сум, пуужин нийлүүлсээр байгаа гэж мэдээлжээ.
Гэхдээ инженерүүд, сапёр болон нэмэлт цэргүүдээс хэд нь Орост очсон, байлдааны ажиллагаанд оролцож байгаа эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Ямар зэвсэг нийлүүлсэн бэ?
Украины тал болон хараат бус судалгаагаар Умард Солонгос Орост:
Ройтерс агентлаг болон Их Британид төвтэй Open Source Centre-ийн хамтарсан судалгаагаар Оросын далбаатай дөрвөн ачааны хөлөг 2023 оны есдүгээр сараас 2025 оны гуравдугаар сар хүртэл Умард Солонгосын Ражин боомт руу 64 удаагийн аялал хийж, Оросын боомтууд руу 16 мянга орчим чингэлэг сум, зэвсэг тээвэрлэсэн байна.
Украины албаныхны мэдээлснээр Умард Солонгос Оросын фронтын хэрэгцээтэй сум, зэвсгийн ойролцоогоор тал хувийг хангаж байгаа аж.
Украины GUR мөн 2023 оны дундаас хойш Умард Солонгос 4 сая ширхэг их бууны сум (миномётын сумаас бусад) нийлүүлсэн бөгөөд 2025 оны эхэн гэхэд KN-23 болон KN-24 загварын 148 баллистик пуужин өгсөн гэж мэдээлжээ.
Олон улсын хариу үйлдэл ямар байна вэ?
АНУ болон холбоотнууд Умард Солонгосын цэрэг илгээж, зэвсэг нийлүүлж буй нь НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн Умард Солонгост тавьсан хориг арга хэмжээг зөрчиж байна гэж үзэж байна.
Умард Солонгос нь цөмийн зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрийн улмаас 2006 оноос хойш НҮБ-ын хоригт хамрагдсан. Эдгээр хориг нь бусад улсыг Умард Солонгосын цэргийн сургагч, зөвлөх болон бусад албан тушаалтнуудыг цэргийн сургалттай холбоотой үйл ажиллагаанд хүлээн авахыг хориглодог.
АНУ 2024 оны арванхоёрдугаар сард Пёньяны Москваг дэмжих цэрэг, санхүүгийн ажиллагаатай холбоотой Умард Солонгос, Оросын байгууллага, хувь хүмүүст нэмэлт хориг арга хэмжээ авчээ. Өмнөд Солонгос мөн хоёр улсын хууль бус цэргийн хамтын ажиллагаатай холбоотой хувь хүн, байгууллагуудыг хар жагсаалтад оруулсан байна.
Харин НАТО Оросын Умард Солонгос, Хятад, Ирантай өргөжүүлж буй цэрэг, эдийн засгийн хамтын ажиллагаа нь зөвхөн Европ төдийгүй Энэтхэг-Номхон далайн бүс нутаг болон Хойд Америкийн аюулгүй байдалд ч заналхийлж байна гэж анхааруулжээ.