
“Солонгосын соёлын өдрүүд - 2026” арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-ны өдрүүд буюу ирэх бямба, ням гарагт төв талбайд болно.
Арга хэмжээний үеэр Күккивоны таеквондогийн үзүүлэх тоглолт, K-POP концерт зэрэг биечлэн оролцох хөтөлбөрөөр дамжуулан Солонгосын төрөл бүрийн соёлыг танилцуулах аж.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулах энэхүү арга хэмжээ нь хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, соёлын солилцоог өргөжүүлэх зорилгоор 2015 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Солонгосын соёлын томоохон баяр юм.
Соёлын өдрүүд бямба гарагийн 13:30 цагт Күккивоны таеквондогийн үзүүлэх тоглолтоор эхлэх бөгөөд дэлхийн өндөр түвшний таеквондогийн ур чадвар, эрч хүчтэй үзүүлбэрийг толилуулах бол үргэлжлүүлэн 14:00 цагт хүндэт зочид, төлөөлөгчид оролцсон албан ёсны нээлт болно.
Нээлтийн дараа “NAVILLERA” охидын хамтлаг тоглох бөгөөд хоёр өдрийн турш Солонгос ардын уламжлалт тоглоомын тэмцээн, Монгол ардын үндэсний урлагийн тоглолт, “K-Food Challenge”, Монголын K-POP сонирхогчдын “OPEN MIC” ковер дууны тайз, “Random Play Dance” зэрэг үзэгчид Монгол-Солонгосын соёлыг нэгэн зэрэг мэдэрч, биечлэн оролцох төрөл бүрийн хөтөлбөрүүд бий.
Арга хэмжээний талбайд тайзны тоглолтуудаас гадна K-Food, K-Beauty & Wellness, ханбуг болон Солонгос ардын уламжлалт тоглоом (тухо шидэх, гонгинори зэрэг)-ыг биечлэн тоглож үзэх, солонгос аялал жуулчлал, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах төрөл бүрийн сурталчилгаа, борлуулалтын асар ажиллана.