
“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөний зүгээс Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон шинээр томилогдсон Ерөнхий сайд Н.Учрал нарт хандан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хариуцлага тооцох тухай шаардлага хүргүүлэхээр боллоо.
Иргэн Г.Мөнх-Эрдэнэ: “Хатан Туулаа аваръя” иргэдийн хөдөлгөөний зүгээс дөрөвдүгээр сарын 4-ний өдөр төв талбайд 12:00 цагаас бүх нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг эхлүүлнэ. Уг хөдөлгөөнд бидэнтэй үзэл бодлоороо санал нийлж буй иргэд нэгдэх боломжтой. Хотын даргыг огцруулах бүрэн эрх нь Ерөнхий сайдад байгаа. Иймд уг ажлыг эрчимжүүлж, яаралтай хариуцлага тооцож, огцруулахыг шаардаж байна.
Мөн нийгэм, соёлын үнэлгээ зэрэг бүхий л бичиг баримтыг олон нийтэд ил болгох, төслийн ТЭЗҮ-д аудит хийлгэхийг шаардаж байна. Хэрэв бидний шаардлагад долоо хоногийн хугацаанд хариу өгөхгүй бол дараагийн шатны арга хэмжээг авах болно. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын шалгарсан компанид 500 тэрбум төгрөг шилжүүлсэн байгаа. Үүнийг хотын дарга үнийн өсөлтөөс сэргийлэх зорилготой гэж тайлбарласан. Гэвч тухайн компани өмнө нь хоёр улсад хурдны зам барьж байсан ч аль аль нь амжилтгүй болсон гэх мэдээлэл байна. Иймд Туулын хурдны зам ч мөн адил бүтэлгүйтэхийг үгүйсгэхгүй" гэлээ.