
Бангладеш улсад 2024 онд залуу үеийнхний удирдсан хувьсгалын үр дүнд Засгийн газар огцорч, Ерөнхий сайд Шейх Хасина Энэтхэг улс руу зугтан гарсан билээ. 15 жил нэг намын дарангуйлалд байсан Бангладешийн иргэд пүрэв гарагт шинэ парламентыг сонгох санал хураалтад оролцлоо. Энэ удаагийн сонгуулийн гол өрсөлдөөн Бангладешийн Үндэсний нам болон исламын чиг баримжаатай Жамаат-е-Ислами эвслийн хооронд өрнөжээ. Ерөнхий сайд асан Шейх Хасинагийн тэргүүлдэг Авами Лиг намыг сонгуульд өрсөлдөхийг хориглосон юм.
Сонгуулийн албан ёсны дүнг хараахан зарлаагүй ч Үндэсний нам Жатия Сангсад буюу 300 гишүүнтэй парламентын 209 суудлыг авсан нь тодорхой болоод байна.
Энэ удаагийн санал хураалтаар сонгогчид парламентын гишүүдээс гадна Үндсэн хуулийг өөрчлөх бүх нийтийн санал асуулгад оролцсон. Иргэдийн 70 гаруй хувь нь Үндсэн хуулийг өөрчлөхөөр түр засгийн газрын санал болгож буй төлөвлөгөөг дэмжихээ илэрхийлжээ. Өнгөрсөн оны долоодугаар сард боловсруулсан уг төлөвлөгөөнд Бангладешийг хэрхэн удирдах хүрээг тодорхойлсон 84 шинэчлэлийн багцыг тусгаж өгчээ.
Урьдчилсан дүн гарсны дараа Үндэсний намынхан дэмжигчдэдээ талархал илэрхийлэн ялалтын жагсаал цуглаан хийхгүй гэж мэдэгджээ. Үүний оронд мусульман шашинтнууд зонхилсон улсын сайн сайхны төлөө баасан гаргийн тусгай залбирал хийхийг уриалсан байна.
Үндэсний намыг Бангладешийн анхны эмэгтэй Ерөнхий сайд Халеда Зиа, Ерөнхийлөгч асан Зиаур Рахман нарын хүү 60 настай Тарик Рахман тэргүүлдэг юм. Рахман сонгуульд өрсөлдөхдөө Бангладешийн олон улсын түншлэлийг эргэн харж улс орноо аль нэг гүрэнтэй хэт ойртуулахгүйгээр хөрөнгө оруулалтыг татахаа амалсан. Мөн ядуу гэр бүлүүдэд санхүүгийн тусламж үзүүлэх, тоглоом, арьсан эдлэл зэрэг үйлдвэрлэлийг дэмжих замаар экспортоос хамааралтай байдлыг бууруулах, дарангуйлал тогтохоос сэргийлэхийн тулд Ерөнхий сайд нарт хоёр бүрэн эрхийн хугацаа буюу 10 жилийн хязгаар тогтоохыг онцолсон юм.