
НЭГ. ТААТАЙ ТААМГИЙН ЦААНА
Төсвийн орлого тасарсан, өр төлбөр нэмэгдсэн санхүүгийн хүндрэлийг хүлээн авч буй 2026 оныг мэргэжлийн экспертүүд, эдийн засагчид өөдрөгөөр төсөөлж байгаа. Эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүчин зүйл нь уул уурхайн салбар хэвээр байна. Ялангуяа, Оюутолгойн далд уурхайн олборлолт нэмэгдэж, зэсийн баяжмалын экспорт тогтвортой үргэлжлэх төлөвтэй байгаа нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх нь. Улмаар энэ онд эдийн засаг 5.7 хувиар өсөж, иргэдийн орлого 9 хувиар өсөх төлөвийг Засгийн газар, Монголбанкнаас гаргасан. Олон улсын санхүүгийн байгууллагууд болох Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан ч манай улсын эдийн засгийг 5-6 хувиар өсөх төлөв танилцуулсан. Эдгээр байгууллагын нийтлэг таамаг нь алт, зэсийн олборлолт тогтворжиж, боомтын дэд бүтэц сайжирснаар эдийн засгийн өсөлтөө хадгална гэжээ. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн ашиг өсөж, хөрөнгийн зах зээл идэвхжиж, мөнгөн урсгал нэмэгдэх аж. Эдийн засгийн өсөлтийн нэг хөшүүрэг гэгдэж буй зэсийг энэ онд 1.9 сая тонноор экспортолно.
Улмаар сүүлийн хоёр жилд үнийн өсөлтийн том шалтгаан болсон цахилгааны үнийн нэмэгдлийн нөлөө арилж, инфляц 5-7 хувь болох төлөвийг гаргасан. Улсын урт хугацааны зээлжих зэрэглэл В2-оос В1 рүү нэг шат ахиснаар гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийн зээл өргөжих, өртөг бага зээлийн санхүүжилт авахад таатай байх төлөвтэй байна. Энэ мэт олон эерэг хүлээлт, таатай таамгийг санхүүгийн салбарынхан 2026 онд тавьж байна.
Нийтлэлч Б.Цэнд-Аюушийн "Эдийн засаг 2026: Боломж ба эрсдэлийн зааг" нийтлэлээс
ХОЁР. ЭДИЙН ЗАСГИЙН БУС ЦАГААЧЛАЛ
“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ-ын тэргүүн С.Цэрэндэмбэрэлийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсанаар гадаад улсад амьдарч буй монголчуудын тоо хэдийнэ 300 000-д хүрчээ.
Эх орон, ээж, аав гээд хайртай бүхнээ орхин одсон монголчуудын тоо жилээс жилд өссөн үзүүлэлттэй гардаг. Хүмүүс өөрсдийн болон гэр бүлийнхээ амьдралын чанарыг сайжруулах, илүү сайн ажлын боломж олох, мөн аюулгүй, тайван орчинд амьдрахын тулд шилжин суурьшдаг. Энэ хөдөлгөөн нь эх нутаг дахь түлхэх хүчин зүйлс (зөрчилдөөн, эдийн засгийн тогтворгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт гэх мэт) болон очих газрын татах хүчин зүйлс (өндөр цалин, чанартай боловсрол, сайн нийгмийн үйлчилгээ) хослон нөлөөлснөөр үүсдэг. Шилжин суурьших буюу төрөлх нутгаа орхин цоо шинэ улсын зан заншил, соёл, нийгмийн харилцаанд оролцох, хэлийг нь сурахаас эхлээд эдийн засаг, нийгмийн зардал, сэтгэлийн түгшүүр зовнил өндөр тул шилжилт хөдөлгөөн өөрөө тодорхой “үнэ”-тэй. Гэсэн хэдий ч тэнд хүрэх ҮНЭ, энд байхаас илүү үнэ цэнтэй.
Нийтлэлч Л.Эрдэнэжаргалын "Монголоосоо дүрвэгсдийн парадокс" нийтлэлээс
ГУРАВ. “БИД ЭРХ БАРИГЧ, ТОМ НАМ БОЛСОН”
ХҮН бол Хөдөлмөрийн үндэсний намын үргэлжлэл. Уг нам 2011 онд байгуулагдсаныг Дээд шүүх бүртгэсэн байдаг. Зүүн төвийн үзэл баримтлалтай, өндөр боловсролтой, нэр цэвэр, улс төрөөс ангид залуусаас бүрдсэн гэдэг имижийг анхнаасаа л бүрдүүлсэн. 2022 онд л тэд нэрээ ХҮН болгон өөрчилсөн байдаг. Гэтэл өмнөх дөрвөн жилийн түүх, уг намыг үүсгэн бий болгосон хүмүүсээ шууд “аньж”, Т.Доржханд л анхдагч, санаачлагч мэтээр мэдээлсэн нь ёс зүйгүй байлаа. Өчигдөргүй өнөөдөр гэж байдаггүй. ОУВС-д ажиллаж байсан Т.Доржхандыг нам нам хэссээр одоохондоо АН-д “тогтоод” буй УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2014 онд “олж ирсэн” гэнэ. Тэгээд л тэрээр санаа зорилго нийлсэн залуусыг нэгтгэн 2015 онд ХҮН намыг байгуулсан юм байх. Шууд ингэж өчигдрөө үгүйсгэж, шинэ түүх зохиох нь яавч ёс зүйтэй улстөрч, зөв улс төрийн хүчний шинж биш. Ерөөс өнгөрсөн хугацаанд өрнөсөн олон үйл явдал ХҮН намынхан хүн болж төлөвших яагаа ч үгүй гэдгийг харуулж байна.
Нийтлэлч С.Туулын "ХҮН болох мөрөөдөл" нийтлэлээс
ДӨРӨВ. МӨРӨӨДӨЛ БИЕЛЭХЭД ЛАВ 30 ЖИЛ ХЭРЭГТЭЙ БАЙЖ
Тамсагийн сав газраас газрын тос олгойдон гарсан 1997 оноос хойш дотооддоо шатахуун үйлдвэрлэх мөрөөдөл тээсэн монголчууд өнөөдөр ч шатахуунгүй сууна. Мөрөөдлөө биелүүлэхэд 28 жилийн хугацаа хангалтгүй байлаа. Газрын тосны дээжээр шинэхэн цагаан дээлийнхээ энгэрийг мялааж явсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч маань улсаа газрын тос боловсруулах үйлдвэртэй болохыг харж чадалгүй өнгөрч буй 2025 онд бурхан зүг одлоо. Тэрээр “Би нефтийн үйлдвэрийнхээ нэрж гаргасан анхны хувин бензинийг машиныхаа банк руу хийгээд “Дээлийнхээ энгэрийг мялаагаад байсан газрын тос ийм шатахуун боллоо шүү” гээд хэлэх юм сан гэж уран сайхны халилтайгаар боддог юм” хэмээн ярьж байв. Анхны Ерөнхийлөгч маань улс эх орноо газрын тос боловсруулах үйлдвэртэй болохыг үзэж чадаагүй ч монголчуудын мөрөөдөл биелэх хугацаа ойртсоор л байна. Бидний мөрөөдөл биелэхэд лав л 30 жилийн хугацаа хэрэгтэй байж.
Нийтлэлч С.Шийлэгтөмөрийн "Шатахууны эрэлд" нийтлэлээс
ТАВ. ЗАВХРАЛ
2017 онд Төрийн болон албаны нууцын тухай одоогийн хуулиар Засгийн газраас 575, давхцалгүй тоогоор 404 мэдээллийг төрийн нууцад хамааруулжээ. Уг хууль батлагдахаас өмнө Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулиар 60 салбар хүрээний мэдээлэл л төрийн нууцад хамаарч байсан юм.
Харин өнгөрсөн 9 жилд төрийн 62 байгууллага 928 мэдээллийг албаны нууцад бүртгүүлсэн байна. Тагнуулын ерөнхий газраас 2025 онд Албаны нууцын жагсаалтад дүн шинжилгээ хийжээ. Тэд төрийн 59 байгууллагын албаны нууцад хамааруулсан 882 мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Тэгэхэд нийт мэдээллийн 31 хувь буюу 274 нь нууцлах үндэслэлгүй, 6.1 хувь нь буюу 54 хувь нь хувь хүний нууцад хамаарах мэдээлэл байжээ. Энэ бол завхрал байлаа. Тусгаар улсад нүдний цөцгий мэт нандигнах зэвсэгт хүчин, гадаад бодлого, хараат бус байдлын төрийн нууц байлаа гэж бодоход албаны болон байгууллагын нууц нэрийн дор төрийн байгууллага ч тэр, төрийн компаниуд ч тэр хэл ам, хэрүүл шуугиан, шуналын төлөөсөөс сэргийлж нууцлах хэнээрхэлдээ автах болжээ.
Нийтлэлч Г.Улсболдын "Нууцын завхрал" нийтлэлээс
ЗУРГАА. БЭРХШЭЭЛ ЭЛБЭГШИХ ЭРСДЭЛ
“Дүрсгүй моньд, сахилгагүй нөхөр, муу сурлагатан” зэргээр цоллуулж, дэвтэр дэлгэж, хичээл хийхээс халгадаг хүүхэд бүх цаг үед л байсан. Гэхдээ өмнө нь энэ үзэгдлийг суралцахуйн бэрхшээл гэж тодотгон, судлагдахууны хэмжээнд авч үздэггүй байв. Харин XIX зууны сүүл үеэс оюун ухаан, хараа, сонсгол зэрэг нь хэвийн ч суралцах, судлах чадвар нь сул хүүхдүүдийг эрдэмтэд анзаарч, судалгааны ажлаа эхлүүлжээ. Улмаар хүнийг эрдэмд шамдаж, ихийг суралцахад нь дөнгө болж буй хүчин зүйл хүмүүжил, төлөвшил, дадал, хэвшлээр хязгаарлагдахгүй гэдгийг олж тогтоосон байна. Тодруулбал, унших, бичих, тооцоолох, анхаарал төвлөрүүлэх зэрэг тодорхой сургалтын чадварууд тааруу байх нь зарим тохиолдолд тархины мэдээлэл боловсруулах төрөлх онцлогоос шалтгаалдаг аж. Үүнийг эрдэмтэд суралцахуйн бэрхшээл гэж тодорхойлсон бөгөөд энэ нь оюуны хомсдол, хөгжлийн бэрхшээл зэргээс тусдаа ойлголт юм. Эмгэг, өвчин ч биш. Гэхдээ суралцах бэрхшээлтэй хүүхдүүд харсан, сонссон зүйлээ бусдаас өөр хэлбэрээр хүлээж авдаг бөгөөд энэ нь өдөр тутмын суралцах чадварт нь сөргөөр нөлөөлдөг байна. Мөн мэдрэлийн эсийн эмгэгийн түвшинд хүний уураг тархинд эмчилгээ хийх аргагүй. Тиймээс суралцахуйн бэрхшээлийг даван туулах боломжтой ч эмчлэх боломжгүй аж.
Нийтлэлч О.Даваасүрэнгийн "Суралцах бэрхшээл ба ойлгох хэрэгцээ" нийтлэлээс
ДОЛОО. ТОРГУУЛИАР ЗАСРАХГҮЙ ТҮГЖРЭЛ
2024, 2025 онд нийслэлийн төсвөөс Улаанбаатар хотын 176 гэрэл, дохиотой уулзварт нийт 1606 ширхэг хиймэл оюун ухаанд суурилсан AI камер суурилуулж, туршилтын ажиллагааг эхлүүлсэн. Эдгээр камер нь замын хөдөлгөөний 10 төрлийн зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцох боломжтой. Тухайлбал, тээврийн хэрэгслийн улсын дугаар, хуурамч бүртгэлийн дугаар ашиглах, агшин зуурын хурд, үргэлжилсэн цагаан шугам давж эргэх, хамгаалах бүс, гэрэл дохио зөрчсөн, чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогссон зэрэгт зөрчил илрүүлэх аж. Мөн тээврийн хэрэгслийн татвар, даатгал төлөөгүй, явган хүний зам буюу ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслийг байршуулсан зэрэг зөрчлүүдэд торгууль ногдуулна.
Гэтэл өнөөгийн хотын нөхцөлд дүрэм журмаа ягштал баримтлан зорчих нь жолооч нарт дэндүү төвөгтэй байгааг үгүйсгэх аргагүй. Зөвхөн зогсоолын асуудал дээр л гэхэд хотын төвд зогсоол хайхад нэг жолооч дунджаар 26 минут зарцуулдаг гэх судалгаа бий. Харин нийслэлийн хэмжээнд зогсоолын хүртээмжийг бодитоор сайжруулахын тулд дор хаяж 119 мянга гаруй зогсоол шинээр шаардлагатай аж. Гэтэл автомашины тоо жил ирэх тусам нэмэгдсээр л байна.
Нийтлэлч И.Сарангоогийн "Хөгжилгүй хотын “хөгжилтэй” шийдэл" нийтлэлээс
НАЙМ. УР ЧАДВАР БА ТРЕНД
Социализмын үед анагаахын ухаанд суралцсан бол насан туршдаа эмчээр ажиллаж, жолоонд суусан бол тээвэрт явдаг байв. Санхүүч хүн зөвхөн мөнөөх салбартаа л насаа элээнэ. Нэг талдаа бүх зүйл хязгаарлагдмал байсан нь үнэн. Харин өнөөгийн зуунд бол ямар ч мэргэжлийг эзэмшсэн өөрийн сонирхдог зүйлийг давхар хийж болно. Эмч хүн хувийн бизнесээ эхлүүлж, уран зохиолын ном туурвих боломжтой гэсэн үг. Яг ийм цаг үед мэргэжлийг насан туршийн амь зуулга болгож харах, зөвхөн түүгээр л “өдрийн хоолтойгоо золгоно” гэж сурталчилдаг цаг ард хоцорсон. Гэтэл манайд сүүлийн үеийн трэнд болж байгаа мэргэжил хиймэл оюун ухааны инженер болоод байна. Урьд цагт хуульч юм уу санхүүч болчихвол л болох нь тэр гэж санадаг байв. Дараа нь программист гэх мэргэжлээр л амьдарч болно гэх давлагаа түрсэн. Мэдээж төрөөс энэ төрлийн суртал ухуулга явуулаагүй ч бидэнд нийгмийн жаягийг дагаж хөөсөрдөг хандлага хэзээд байсаар л...
Мэдээж тренд дагаж хувцаслах, үс засуулах нь байж болох үйлдэл. Харин тренд дагаж мэргэжил сонгоно гэдэг буруу. Тиймээс сүүлийн үед цахимаар нэлээдгүй үзэгдэх болсон “Тренд болж буй мэргэжил”, “Таныг амжилтад хөтлөх мэргэжил”, “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ” зэргээр сурталчилдаг, үүнийг дэмжиж үр хүүхдийнхээ хүсэл зорилгыг сонсолгүйгээр мөнөөх хамгийн их эрэлттэй гэх мэргэжил рүү түлхэж орхих нь тун эрсдэлтэй алхам юм. Тэгээд ч тренд өөрөө богино настай. Хувь хүний итгэл үнэмшилд бус зөвхөн бусдын чаддагийг чадах гэсэн, өөрийгөө тэр түвшинд аваачиж үнэлэх зэрэг харалган үйлдлүүдээс болоод амьдралын хамгийн чухал сонголтоо сурталчилгаанд даатгах хэрэг үү?
Нийтлэлч Б.Алтанхуягийн "Мэргэжил “тренд” биш" нийтлэлээс
ЕС. 2026 ОНД БОЛОХ СПОРТЫН ОНЦГОЙ ҮЙЛ ЯВДАЛ
Энэ онд спортын салбарт онцлох олон үйл явдал болно. Оны эхэнд өвлийн олимп Итали улсад эхлэх бол оны төгсгөлд Сенегал улсад залуучуудын зуны олимпын наадмаар спортын голлох наадмууд өндөрлөнө. Дэлхийн сая сая үзэгчийн анхаарлыг татдаг хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн мөн гурван улсад зэрэг зохион байгуулагдана. Эдгээрээс гадна Ази тивийнхэн Японд цугларч шилдгүүдээ тодруулна. Энэ мэтчилэн өрнүүн үйл явдлууд энэ салбарынхныг хийгээд спорт сонирхогчдыг хүлээж байна. Ингээд спортын салбарын онцлох үйл явдлыг хүргэе.
Нийтлэлч Ч.Болорчулууны "Олимпоор эхэлж олимпoор дуусах он" нийтлэлээс
АРАВ. 2025 ОНЫ ГОЛ ЗӨРЧИЛДӨӨН - ХУРЦАДМАЛ БҮСҮҮД
Дэлхийн олон оронд олон улс оролцсон, зэрэгцэн үргэлжилж буй зөрчил, мөргөлдөөн цөөнгүй байна. Янз бүрийн шалтгаанаар эхэлж, өрнөж буй эдгээр зэвсэгт мөргөлдөөний тоо тасралтгүй өссөөр 2024 онд ойролцоогоор 130-д хүрчээ. Энэ тоо 15 жилийн өмнөхөөс хоёр дахин их үзүүлэлт юм. Сүүлийн 20 гаруй жилийн турш үргэлжилж, дайнаас өөр амьдралыг огт мэдэхгүй бүхэл бүтэн үеийг бий болгосон 20 “мөргөлдөөн” бий. Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн гаргаснаар 2025 онд 284 000 хүн сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн нь нэг жилийн дотор 70 хувиар өссөн үзүүлэлт юм.
Өнөөгийн фронтын шугамууд зөвхөн газар нутгаар хязгаарлагдалгүй биет болон дижитал орон зайгаар хүрээгээ тэлж буй. Дрон, хиймэл оюун ухаан, кибер ажиллагааны хэрэглээ хурдацтай нэмэгдэж, дайн тулааны явцыг үндсээр нь өөрчилж байгаа нь энгийн иргэдийн амьдралыг орвонгоор нь өөрчилж байна. Дэлхий даяар 204 гаруй сая хүн зэвсэгт бүлэглэлүүдийн бүрэн болон хагас хяналттай бүс нутагт эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн суурь үйлчилгээ хүрэх боломжгүй газарт амьдарч байна.
Нийтлэлч Л.Эрдэнэжаргалын "Зэрэгцэн өрнөх зөрчил мөргөлдөөн" нийтлэлээс
