
“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 661 дахь дугаар уншигчдын гарт очлоо. Шинэ дугаараас онцлох урлаг, улс төр, эдийн засгийн сэдвүүдээс танилцуулъя.
Хаа сайгүй “ХАВАР АЙСУЙ”
Үндэстний тойм сэтгүүл энэ дугаартаа HBO-ийн алдарт цуврал “Game of Thrones”-ийн өмнөх түүхийг өгүүлэх “A Knight of the Seven Kingdoms”-ийг онцоллоо.
… Үзэгчид энэ удаад хааны ордноор алхаж, луунуудын домог яриаг сонсох бус харин эгэл ардын баяр хөөр, дайн тулаанаас хол, нам гүмхэн оршихуйд хөл тавина. Мэдээж тус цувралын үйл явдал луунуудын тулаанаас 70 орчим жил, үхдэлүүдийн арми ханыг нэвтэлж, Дейнерис гурван луутай болж, умардыг сахигч “Өвөл айсуй” хэмээхээс даруй 100 орчим жилийн өмнө өрнөнө.
Үүнээс гадна тус цувралын шүтэн бишрэгчдийн хүлээдэг томоохон тулалдаан, үйл явдлын цочирдом эргэлтүүд бус удаан хэмнэл, дүрүүдийн ажиглалт, дотоод дахь зөрчил эхний ангиудад илүүтэй давамгайлж байна. Энэ нь зарим талаар хэт бага өрнөлтэй мэт санагдавч Өндөр сэр Данканы түүхийг өгүүлэхэд тохиромжтой туйлын оновчтой найруулга гэдгийг дурдууштай. Тэгээд ч кино сэр Арланы үхлээр өрнөсөн нь хүчирхэг хүлэг баатар төрж буй мөчийг бус харин гол дүрийн баатрыг цаашид ямархан хувь заяа угтахыг зөгнөснөөрөө аливаа түүхийн уран яруу эхлэл болсон мэт сэтгэгдэнэ.
Хамгийн гол нь “Хаан сэнтийн наадаан”-ы төгсгөлийн ангид урам хугарсан үзэгчдэд тус кино Вестеросыг анх хэрхэн хайрлаж эхэлснийг дахин сануулна…
Б.Алтанхуяг “Хавар айсуй” нийтлэлээс
Төсвийн мөнгөөр санал худалдаж авагчдыг ...
Санал авах зорилгоор сонгогчдод мөнгө тараасан хэргийг манайд Зөрчлийн тухай хуулиар л шийдэж ирсэн туршлага бий. УИХ-ын сонгуулийн тухай хуульд мөнгө, эд зүйл тараах, үнэгүй үйлчилгээ үзүүлэхийг хориглоод 10 гаруй жил өнгөрсөн. Гэвч баримт нь байгаад ч нэр дэвшигчид нь хариуцлага тооцож, эгүүлэн татсан жишээ үгүй. Учир нь тийм хууль, эрх зүйн орчин байхгүй.
… Хуулиар хориглосноос бусад хугацаанд бэлэг сэлт тараах нь “чөлөөтэй” юм чинь яах ч аргагүй. Нэгэнт хуулиар хариуцлага тооцдог тодорхой зохицуулалт байхгүй, нэр дэвшигч өөрөө биш, гуравдагч этгээд “сайн дураар” өгсөн болж таардаг учраас торгохоос хэтэрдэггүй зэрэг нь улстөрчдийг бүр өөгшүүлжээ.
С.Туул “Сонгуулийн авлигыг зогсоох төсөл” нийтлэлээс
Хортой бас хууль бус БЭТ
... УИХ-ын гишүүн С.Цэнгүүн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээ. Засгийн газар төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд онцгой дэглэм тогтоож БЭТ томилохдоо энэхүү хуулийг үндэслэн томилдог юм. Гэвч энэ хууль нь шинэ Үндсэн хуулиас ч өмнө батлагдсан БНМАУ-ын үеийн хууль. Монголчууд шинэ Үндсэн хуулиа “Эцэг хууль” гэж нэрлэдэг. Бусад бүх хууль “эцэг хууль”-ийн суурь зарчим, агуулгаас салбарлаж бий болсноос гадна энэ хуультай тэрсэлдэж зөрчилдөх ёсгүй.
Хүүхэд эцэг, эхээсээ өмнө төрсөн байж таарахгүй. Гэтэл БНМАУ-ын үед буюу шинэ Үндсэн хуулиас ч өмнө батлагдсан хууль одоо ч үйлчилсээр байгаа юм. 2019 онд энэхүү хуулийг ашиглаж “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоосноор БНМАУ-ын үеийн ийм хууль хүчин төгөлдөр үйлчилж байгааг анх олон нийт мэдсэн. 1991 онд Улсын бага хурлаас баталсан хууль одоо ч хүчин төгөлдөр хэрэгжиж байх юм гэж хэн санах билээ.
С.Шийлэгтөмөр “Коммунизмын үлдэгдэл” нийтлэлээс
Эрдэнэт үйлдвэрийн эргэн тойронд
Нэгэн үе монголчуудын “саалийн ганц үнээ” байсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр барина гэдгээ Засгийн газар зарласан. Ингэхдээ дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө буюу I улиралдаа багтан төслийн хамтрагчаа сонгон шалгаруулна гээд байгаа юм. Тэртээ 30 жилийн өмнөөс л ярьж, бас судалгааг нь эхлүүлсэн боловч ажил болголгүй олон оныг ардаа үдсэн Зэс хайгуулах, боловсруулах үйлдвэр одоо харин бодит болж чадах болов уу?
... Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт 772.9 сая ам.доллар гэж тооцсон бол хөрөнгө оруулалтаа 8.87 жилд нөхнө гэх тооцоо бий. Харин манай улсын хувьд ТОП-100 компанийг 20 жил тэргүүлж, 2024 онд манай улсын эдийн засгийн 5 хувийг бүрдүүлж, улс, орон нутгийн төсөвт 1.5 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, гадаад валютын нөөцөд жилд 1.1 тэрбум ам.доллар бүрдүүлдэг гээд аялал жуулчлалын салбараас ч илүү эдийн засгийн нөлөөтэй “Эрдэнэт” үйлдвэрээ аврах боломж гэлтэй…
М.Мөнхжаргал “Эрдэнэтийн амь тариа” нийтлэлээс
… Сар шинийн баярын төсөв 2-3 сарын цалинтай нь тэнцэж, баяр тэмдэглэсэн өр, зээлээ он дамжин төлсөөр байвал бидний дараагийн үе энэ баярын ач холбогдлоос алсрах аюултай.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор нэг өрх багадаа 3-4 сая төгрөгийг Цагаан сарын бэлтгэлд зарцуулж байгаа талаар иргэд өгүүлж буй. Мөн манайд цагаан сарын өмнө монгол маягийн инфляц нүүрлэдэг. Нийлүүлэлт, эрэлт, мөнгөн дүн харилцан хамааралтай байх нь чөлөөт зах зээлийн зарчим ч худалдаа эрхлэгчид эрэлтэд дулдуйдан өртгөө хэт хөөрөгдөх нь бий. Зөвхөн хүнсний бүтээгдэхүүн, хувцас хэрэгсэл ч биш авто угаалга, хивс цэвэрлэгээ, гэр цэвэрлэх үйлчилгээ зэргийн үнэ ч хоёрдугаар сард гаардаг…
О.Даваа “Өртөгт өв соёл” нийтлэлээс
Нэкономикс гэж мэдэх үү?
... Муур нь зүгээр нэг тэжээвэр амьтан гэх хязгаарлагдмал ойлголтоос хальж, соёл, дижитал орчин, аялал жуулчлал, бизнесийн инновацтай огтлолцсон эдийн засгийн “зөөлөн хүч” болжээ. Тэдний оролцоо жижиг үйлчилгээ, бэлэг дурсгалын салбараас эхлэн олон тэрбум долларын эргэлттэй зах зээл хүртэл тэлж, эдийн засагт ч цаашид тогтвортой нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Учир нь дэлхийн тэжээвэр амьтдын зах зээлийн хэмжээ 2024 онд ойролцоогоор 320 тэрбум ам.долларт хүрсэн бол, 2030 он гэхэд 500-550 тэрбум ам.долларт хүрнэ гэж Bloomberg Intelligence, Grand View Research тооцоолоод буй...
И.Сарангоо “Муурны эдийн засаг” нийтлэлээс
Прагийн хавар давтагдах уу
... Үг хэлэх, үзэл бодлоо эдлэх эрх чөлөөгөөр дэлхийд гуравдугаарт бичигддэг Чех улсын хувьд иргэдийн жагсаал цуглаан шинэ үзэгдэл биш. Коммунизмын талхинаас цэрвэж иргэний эрхийг эрхэмлэхийн чухлыг тунхаглаад Зөвлөлтийн танкуудад нухчин дарагдсан 1968 оны Прагийн хавраа чехүүд одоо ч мартаагүй.
... Өнөөгийн зөрчил 1968, 1989 оны үйл явдлуудтай хэд хэдэн талаар төстэй. Юун түрүүнд олон нийтийн жагсаал цуглаан гол үүрэг гүйцэтгэж буй. Хоёрдугаарт, дотоод зөрчил гадаад нөлөөнөөс ангид байх боломжгүй. 1968 онд Зөвлөлтийн дарамт гол хүчин зүйл байсан бол, одоо Орост ээлтэй бодлого баримталдаг Ерөнхий сайд Андрей Бабишийн Засгийн газар Ерөнхийлөгчийн про-европ үзэлтэй сөргөлдөж ардчилсан институцүүдийн бат бөх байдлыг сорьж байгаа юм.
С.Лхагвасүрэн “Прагийн хавар давтагдах уу” нийтлэлээс