
Монгол орны нийт газар нутгийн 65 хувь нь цасан бүрхүүлтэй цасны дундаж зузаан нь 7.5 см, цасан дахь усны нөөц 14.2 шоо.км байна.
Тухайлбал, Ерөө, Халх, Хараа, Хэрлэн, Улз гол-Хөх нуур, Мэнэнгийн тал, Булган, Онон, Шишхэд, Туул, Сэлэнгэ мөрөн, Хөвсгөл нуур-Эг гол, Идэр, Увс нуур-Тэс голын сав газруудын 90-99 хувь нь цастай байгаа бөгөөд цасан дахь усны нөөц нь дунджаар 0.59 шоо.км байна. Харин Үенч-Бодонч, Орхон, Дэлгэрмөрөн, Хяргас нуур-Завхан, Хануй, Чулуут, Умард говь, Хар нуур-Ховд гол, Хүйсийн говь-Цэцэг нуур, Таац, Бөөнцагаан-Байдраг зэрэг голуудын савын 45-80 хувь орчим нь цастай, цасан дахь усны нөөц нь дунджаар 0.51 шоо.км байна.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Түүнчлэн, өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай. Иймд холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөлөө.